Картаа баталгаажуулаагүй, угаар мэдрэгчгүй өрхүүдэд түлш худалдаалахгүй

Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжид 200 цэгээр дамжуулан борлуулах аж.

Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-д үүрэгдсэн. Тиймээс айл өрхүүд гэрт байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай.

Бүртгэлгүй карттай бол түлш олгохгүй гэдгийг албаныхан анхаарууллаа. Иргэд 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх салбарт очиж картаа баталгаажуулна.

Мөн угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг санууллаа.Төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авна.

Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхжүүлэхгүй юм байна.

Эх сурвалж: Таван толгой түлш ХХК



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.