ХУУЛЬ БУСААР ЦЕМЕНТНИЙ ҮНЭ НЭМСЭН БАЙГУУЛАГУУДЫГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяны талаар болон сүүлд хийсэн шалгалтын талаар мэдээлэв.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Зургадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол ихээр ирсэн. Тодруулбал, "13-16-ны хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн" гэх гомдлууд юм. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас шалгалт хийхэд Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан. Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт аж ахуйн нэгжид шалгалт хийхэд зургаа нь худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнээ нэмсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна" гэлээ.

Мөн “Сурагчийн дүрэмт хувцасны үнэ дээр шалгалт хийсэн. Хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан. Энэ дагуу "Монголын оёдлын нэгдсэн холбоо" ТББ, аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн. Иймд өнгөрсөн сарын 25-нд зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлсэн" гэж мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.