Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн тайлан дахь зөрчлүүд

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайлангаар 10.5 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн

Тус тайланд Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар Ерөнхий сайд болон Сангийн сайдад тус тус таван зөвлөмж өгсөн боловч хэрэгжилт 60 хувьтай гэж дүгнэсэн буюу тал орчим хувийг нь хэрэгжүүлээгүй байгааг дурдсан байна. 

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухайд аудитаар тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан дөрвөн зөрчил илэрсэн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ҮАГ-аас хүргүүлжээ. Үүнд: 

  • Гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогдогч тодорхойгүй, олон жил болсон 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй.
  • Дамжуулан зээлийн хүүг тооцож, бүртгээгүйгээс 234.8 тэрбум төгрөгийн авлагыг дутуу тайлагнасан.
  • Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-ийн олгосон зээлийн үлдэгдлээс 56 хувь буюу 1,793.9 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд орсон
  • Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд байршиж буй 264.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн

зэрэг алдаа зөрчлүүд нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй, санхүүгийн тайлагналын эрх ба үүрэг, иж бүрэн байх, нийцсэн бөгөөд зохистой оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байна хэмээн бичжээ.

Ингэхдээ төсвийн захирагч нар "Санхүүгийн нэгтгэсэн тайланг залилан эсвэл алдааны улмаас үүсэж болох материаллаг буруу илэрхийлэлгүй бэлтгэхэд шаардлагатай гэж үзсэн дотоод хяналтуудыг хэрэгжүүлэх хариуцлага хүлээнэ" тодотгосон байна. 

Уг тайланд Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнг мөн хавсаргасан байна. 

Тодруулбал, Засгийн газрын 20 тусгай сангийн санхүүгийн тайлангаас 9 тусгай сангийн санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 11 тусгай сангийн санхүүгийн тайланд дүгнэлт өгчээ. 

Аудитаар нийт 176.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 128.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 25 шаардлага хүргүүлсэн байна

Сангуудын зөрчлийн талаар дүгнэснийг харвал 

Боловсролын зээлийн сан:

Өмнөх онд олгогдоогүй гадаад, дотоодын их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлгийн санхүүжилт 6 тэрбум төгрөгийг тайлант оны зардлаар бүртгэсэн, журамд тусгаагүй тэтгэлгийн төрөлд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан:

Хэрэгжиж дууссан төсөл, хөтөлбөрийн захиалагчийн хяналтын зардлын үлдэгдэл 0.03 тэрбум төгрөгийг улсын төсвийн дансанд төвлөрүүлээгүй, 0.2 тэрбум төгрөгийн олон жилийн насжилттай авлагын үлдэгдэлтэй, 0.6 тэрбум төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй, төсөл, арга хэмжээнд зарцуулах 3.7 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад татаасаар олгосон

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан:

Төсвийн орлогыг 19.6 тэрбум төгрөгөөр тасалсан, найдваргүй авлагын үлдэгдэл 107.4 тэрбум төгрөг, 0.5 тэрбум төгрөгийн зээлийг программд зөрүүтэй бүртгэсэн

Кино урлагийг дэмжих сан:

Тус сангийн хөрөнгийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, эрх зүйн орчин бүрдээгүйгээс зарцуулаагүй хоёр жил болсон 10 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан:

Тус сангийн хөрөнгийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, эрх зүйн орчин бүрдээгүйгээс зарцуулаагүй, эргэн төлөлтийн хугацаа дууссан нийт 15.4 тэрбум төгрөг авлагын үлдэгдэлтэй

Шинжлэх ухаан, технологийн сан:

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн 0.2 тэрбум төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй, урьдчилж гарсан зардалд бүртгэлтэй 4.6 тэрбум төгрөгийн 127 төслийн үр дүнг хэлэлцээгүй

Эрүүл мэндийн дэмжих сан:

Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журамд заасантай нийцэхгүй төсөлд 0.1 тэрбум төгрөг олгосон, 0.1 тэрбум төгрөгийн гэрээний үүргийн биелэлт хангалтгүй

Ирээдүйн өв сан:

Ирээдүйн өв санд төвлөрүүлэх 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг төвлөрүүлээгүй

Төсвийн тогтворжуулалтын сан:

Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэрийг хуулийн дагуу сар бүр шинжлүүлээгүй

Хөдөө аж ахуйг дэмжих сан:

Санхүүгийн тайлан иж бүрэн бус, санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэл баталгаажаагүй, төсвийн гүйцэтгэлийн тайланг бүрэлдэхүүн хэсгийн дагуу тайлагнаж ирүүлээгүй, авлага, өглөгийн дансны үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүй, дэлгэрэнгүй бүртгэл хөтлөөгүй, нягтлан бодох бүртгэлийн программын мэдээлэл дутуу, зээлдэгчийн овог, нэр, регистрийн дугаар, зээлийн дүн зөрүүтэй, эзэн холбогдогч тодорхойгүй тул анхан шатны баримттай тулган баталгаажуулах боломжгүй тул "Дүгнэлт өгөхөөс татгалзсан" гэжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.