ҮХЦ-ЫН СОНГУУЛИЙН ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТОГТОЛЦООГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар 2021 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандан одоо мөрдөж буй УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцоо нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар гомдол гаргаад байсан юм. Цэц энэ асуудлыг Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн 21.4-т “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтын хүрээнд хууль тогтоогч сонгуулийн сонгох, сонгогдох зарчмыг хангасан байдлаар ямар ч сонгуулийн тогтолцоог сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар тогтоох бус УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон хуульчлах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. УИХ-ын сонгуульд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэхээр хуралдсан Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэр УИХ-ын сонгуулийг пропорциональ систем буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах боломжийг нээж өгч байгаа юм. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж байгаа ч нөгөө талд улс төрийн намуудын санаачлагын дор өрнөж буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал үргэлжлэн явагдах юм. Улс төрийн намууд Үндсэн хуульд оруулах энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлэх, УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх зэрэг 11 асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдээд байна.