Тамхины иш түүх нэг сарын аяныг 21 аймагт зарлалаа

"Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлав.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү уралдааныг дэмжин, хамтран ажиллаж буй юм байна. Энэ ажлын хүрээнд 21 аймагт хог хаягдал болсон тамхины ишийг түүх, холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

"Аюулыг авдарлая-1" уралдааныг хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй хуванцраас бүтсэн, хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай тамхины ишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүж савлан орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж буй аж.

Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм байна. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.

Шалгаруулах журам: Хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг аймаг тус бүрд шалгаруулж, урамшуулж, алдаршуулна. Нэг баг хамгийн багадаа 30 сав иш түүх бөгөөд, нэг аймгаас таван баг оролцох боломжтой.

Багууд есдүгээр сарын 16-ныг хүртэл Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.

Шагналын сан: /Аймаг тус бүрд/

  • Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
  • Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
  • Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг


 






 
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.