ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ЭНЭ ОНД 6030 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод байгаа ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилга байгаагийн 105-ыг нь дахин төлөвлөх захирамж гаргажээ.

 

Үүнд 99 төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцанд оруулахаар зорьж байгааг НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлын үеэр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэв.

 

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучны орон сууц голдуу 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нар орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог. Дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын талбайн хэмжээ том байдаг тул иргэд мөнгө нэмж төлөх нөхцөл үүсдэгийг тэрбээр тодотгов. Мөн иргэд 1 барилга дээр 2 болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх нь түгээмэл. Тэр тусмаа 1 давхрын сууцыг зөвшөөрөлгүй үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн тухайд хүндрэл учруулж байгааг тэмдэглэжээ.


 

Төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хороон дахь дахин төлөвлөлтийн төслийн талаар ярихдаа, “ Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон ч нийслэлээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүй”-г дурдсан юм. Иймд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдэх боломж бий эсэхийг тодрууллаа.

 

Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын давхрыг нь нэмж байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Хуучны 4 давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал төвлөрөл, түгжрэл шийдэгдэхгүй. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх байр суурь баримтлах” санал гаргав. Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулахыг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болгосныг нийслэлийн ИТХ-ын ХМТ мэдээлэв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.