ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ НЭМЖ ЭХЭЛЛЭЭ

2022 оны IV улирлыг Эрүүл мэндийн ажилчдын Нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж байгааг мэдэгдсэн бөгөөд Засгийн газрын зүгээс 2022 оны I улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлсэн.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчдадаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчдадаа  500,000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаар мэдээллээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нт уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд холбогдох хууль, журамд заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өглөө. Урьдчилгаа төлбөр олгох эмч, ажилчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зарчмаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж, хамтарч ажиллахыг  үүрэг болголоо хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.