Хөвсгөл аймагт осолд орсон хоёр иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн нийслэлд авчрав

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг Нуурын босго хэмээх газарт наймдугаар сарын 2-ны өдөр зам тээврийн осол болж, хоёр иргэн хүнд гэмтжээ. 

Гэмтсэн иргэдийн Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг наймдугаар сарын 3-ны 13:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг мөн өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16:12 цагт газарджээ. 

Осолд орсон 35 настай эрэгтэй Н, 33 настай эрэгтэй М нарыг авч 17:04 цагт хөөрч, Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эмнэлэгт хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.