АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АСУУДАЛД ТУС АНГИЙН УДИРДЛАГУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба хаагч өндөр барилгаас унаж амиа алдсан.


Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр:
 "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн аав, ээж төрөл төрөгсдөд дахин гүн эмгэнэл илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд тус ангид Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газраас шалгалт хийж, хэргийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу удирдлагуудын дараах тушаал гарсан.

1. 2022 оны долоодугаар сарын 22-ны тушаалаар Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг өнөөдрөөр буюу долоодугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, албан тушаалаас нь чөлөөлсөн.

2. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халж, сахилгын шийтгэл оногдуулсан.

3. Зэвсэгт хүчний 167-р ангийн нэгжийн захирагч болон ахлах ахлагч нарыг халж, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа ба цагдаагийн дүгнэлт гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Сүүлийн үед энэ талаарх худал мэдээлэл цахим орчинд тархаж байна" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.