О.ХАНГАЙ: ТҮРҮҮ БӨХИЙН ШАГНАЛААР ЭХЭМҮТ-ИЙГ ТОХИЖУУЛАН ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ ЗОРИУЛЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан боллоо. 


Хүчит бөхийн барилдаан тун сонирхолтой болж энэ удаагын наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрээр аваргуудыг дарж  Улсын шинэ аварга болсон юм. Ингэснээр Ховд нутгаас 82 жилийн дараа шинэ аваргаа өлгийдөн авлаа. 


Мөн энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг  тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна.


Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангай өөрийн бай шагналыг хүүхэд багачуудын төлөө зориулж буйдаа тун талархалтай байгаа юм.


Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.