МОНГОЛ ИРГЭНДЭЭ ХАЛТАЙ , ХАРЬ ИРГЭНД "ХАЙРТАЙ" ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

Махтай холбоотой асуудлаар иргэн Б.Энхцэцэг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зөвшөөрөлгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гаргадаг дээр нь дөрөөлж квот авдаг. Авсан квотоороо БНХАУ-ын иргэд болон миний махыг экспортод гаргаж өгдөг байсан. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдалд МХЕГ-ынхан махыг лацдаж байгаа ч үнэн зөвөөр шийдэгдэхгүй гэж хардаж байна. 

Шадар сайдын ажлын алба Эмээлт дээр шалгалт хийж байгааг харж байгаа. Шударга ёсыг сэргээж байгаа төрийн түшээдэд итгэж байна. Махны салбарт бугширсан идээ бээрийг цэвэрлэхийг шаардаж байна.  

Миний хувьд Монгол Улсаас мах экспортод гарч эхэлсэн цагаас махны бизнес хийж эхэлсэн. 2016 оноос хойш тасралтгүй мах худалдан авч бэлтгээд экспортлогч эрх бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан БНХАУ-д худалдаа эрхэлсээр ирсэн юм. Энэ хооронд өөрийн үйлдвэрийг байгуулахаар Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас зээл хүссэн ч олдоогүй. Тухайн үед дарга нар авдаг зээл юм байна гэсэн ойлголт төрсөн. 

Бизнес маань хэвийн явж байгаад 2019 оноос надад квот олдохоо больсон. Учир нь БНХАУ-ын олон иргэн махны бизнес рүү орж ирсэн. Квот гуйж яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй. ХХААХҮЯ хууль дээдлэх шударга ажиллах зарчмаа биелүүлээгүй. Улстөрчдөд хүртэл хандаж байлаа. Иргэндээ биш БНХАУ-ын иргэдэд үйлчилсээр ирснийг саяхан нийгэмд өрнөсөн махны асуудал харуулдаг. Эх оронч үзэл дээр тулгуурлаж аливаа улс орон хөгждөг байтал гаднынхыг гэж байгаад үнэхээр гомдолтой байна.

Махны салбарын ашгийг тэр чигт нь гаднынхан хүртдэг. Үндэсний компаниуд бүгд БНХАУ-ын иргэдийн махыг гаргаж өгдөг. Махны салбарт иргэнээ нэгдүгээрт тавьж, дараа нь гаднынханд үйлчлэхийг шаардаж байна. Тиймээс миний хувьд өнөөдрөөс суулт зарлаж байна" гэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.