ШАГНАЛ УРАМШУУЛАЛ БУС КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ ТАРААЯ ДАРГАА!

Ковид-19 цар тахлын өмнө улсаараа "өвдөг сөгдөж" өдөрт 3000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо нэмэгдсээр байна. Энэ хэрээр эмнэлэгийн байгууллага ачааллаа дийлэхээ байж, эмч, сувилагч, асрагчид  илүү цагаар ажиллаж буй. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой өрхийн эмнэлэгээс иргэдэд олгох эмчилгээний багц ч хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаа бөгөөд ковид-19 цар тахлын шинж тэмдэгтэй нас барж байгаа иргэдийн талаарх мэдээлэл нийгэмд айдас, бухимдлыг бий болгоод байна.

Тэгвэл нөхцөл байдал ийм дээрээ тулна гэдгийг Засгийн газар, холбогдох байгууллагаас урьдчилан тооцоолж төрийн байгууллагын төсвийн зардлыг бүх боломжоороо хумиж, шаардлагагүй бүх зардлыг танах чиглэл өгсөн ч зарим "том толгойтой" дүүргийн Засаг дарга, орлогч дарга нар 6 сая төгрөгөөр одон медаль гардуулжээ.

Тодруулбал Чингэлтэй Дүүргийн Н.Батсүмбэрэл түүний орлогч Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар "Чандмань одон" гэх одонг сүр дуулиантайгаар "тараажээ." 



Чандмань одонг "тараахын" тулд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2021.05.10-ны өдрийн А/22 тоот тушаалаар 5.5 сая төгрөгийг шийдвэрлэсэн баримт.



Гэтэл 2021.05.24-ны өдөр дахин тушаал гаргаж 450 мянган төгрөг нэмснээр цар тахлын хүнд хэцүү үед Чингэлтэй дүүргийн удирдлагууд 6 сая төгрөгөөр шагнал гардуулсан байгаа юм. 




Ийнхүү нэг нэгэнд хэрэг болохгүй дүүргийн одон медалийг өндөр үнээр хийлгэж иргэддээ шахсан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл,  Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар цар тахлаар өвдөөд шаналж буй иргэддээ эмчилгээний багцыг хүртээмжтэй тараамаар байна. Цар тахлын хүнд үед эрүүл мэнд, эдийн засгаараа элгээрээ мөлхөж байгаа иргэдэд "төмөр" биш бодит дэмжлэг чухал байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.