Б.ПҮРЭВДОРЖ: МИНИЙ САНААЧИЛСАН НӨАТ-ЫГ 5 ХУВЬ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ Н.УЧРАЛ ГИШҮҮНЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгож нэмэх Н.Учрал гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Тодруулбал:“Н.Учрал гишүүн НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгоё гэдэг санаачилга гаргасан. Ингэхдээ жишээгээ буруу авсны улмаас нийгэмд янз, янзаар яригдаж байна. Н.Учрал 40 хувийг нь буцаан олгоё гэж байгаа юм байна.

Гэхдээ энэ талаар та хууль санаачилж болохгүй. Засгийн газар татвартай холбоотой хууль санаачлах эрхтэй. Харин би бол санаачилсан. Учир нь 2020 оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үүний өмнөх өдөр НӨАТ-ыг таван хувь болгох хууль өргөн барьчихсан юм. Өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэлэлцүүлэх гээд болохгүй байгаа. Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн, барааны үнэ өссөн энэ үед иргэддээ тодорхой эдийн засгийн боломж гаргаж өгөх хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүн борлуулах зардлууд дээр тавигддаг НӨАТ нэг талхан дээр гэхэд ойролцоогоор 110 төгрөг нэмэгдэж байна. Үүнийг шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар 130 мянган ААН байна. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч болчихсон. Таван хувь болгосноор татварын орлого багасна гээд байгаа. Үгүй. Нэг НӨАТ нэмэгдэхээр нөгөө НӨАТ төлөгчийг зайлшгүй бүртгэхээс аргагүй байдалд оруулдаг. Хоёрдугаарт, НӨАТ төлөгч зарим НӨАТ-аасаа зугтдаг. Харин нэг НӨАТ нэмэгдсэнээр нөгөө татвар төлөхөөс зугтаад байгаа этгээдийг илрүүлэх бүртгэлийн системийг голчилдог татварыг төсвийн орлого бүрдүүлэх хэмжээний өндөр байж болохгүй гэж үзэж байгаа. Миний санаачилсан хуулийн төсөлд НӨАТ-ыг таван хувь, буцаалт нь хоёр хувь болгоно гэдэг Н.Учрал гишүүний зориод байгаа 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Та нэгэнт хууль өргөн барих боломжгүй юм чинь энэ асуудалд МАН-ыг толгойлоод ажил хэрэг болгоход хамтдаа зүтгэе гэж уриалъя” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.