Э.СОДОНТОГОС, С.ЗОРИГТ НАР АЖИЛТНУУДАА ХҮЧИРХИЙЛЖ , БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ БАЙСАН УУ

Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр ажлаасаа халагджээ. Мөн түүний орлогч захирал С.Зоригтыг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, ажилтнуудтайгаа зүй бус харилцсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци Монгол дахь Мянганы сорилтын сангийн ажилтнуудын удаан хугацаанд гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэн Birches олон улсын хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний байгууллагад хандан 2020 оны 9 сарын 16-наас 10 сарын 1-ний хооронд судалгаа хийлгэжээ. Ингэхдээ уг судалгааг ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс авсан байна.

Уг судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу ажилтнууд эрх мэдэл албан тушаалын хүчирхийлэл, дарангуйлалд байнга өртдөг гэдгээ тодорхой кэйсүүд, баримт дээр үндэслэн өгүүлжээ.

Э.Содонтогосын эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилтнуудаа дарамталж дээрэлхэх, нэр хүндэд халдаж гутаан доромжлох, дорд үзэх, дайрч давшлах зэрэг зохисгүй зан авир, ааш байдалтай байнга тулгардаг хэмээн судалгаанд оролцогчдын ихэнх нь хариулжээ.

Мөн судалгаанд оролцогчид байнгын дарамтанд байдаг ба үргэлж “хална, солино” гэх мэтээр занахийлж, зарим нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл үүсээгүй байхад хүчээр шахалтанд орж ажлаасаа гарч байсан хэмээн дурджээ.Түүнчлэн бие махбодийн болон сэтгэл санааны дарамт их байгаа талаар хөндсөн байна.

Орлогч захирал С.Зоригт нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлоор шалгагдаж, үндэслэлтэй байсан тул ажлаас нь түдгэлзүүлжээ.

Ажилтнуудын хувьд айдастай, тодорхойгүй нөхцөл байдалд сэтгэлзүйн дарамтанд ажилладаг гэдгээ тодотгосон байна. Хэрэв ажлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр санал хэлбэл өөрөө эргээд шүүмжлэлийн бай болж, удирдлагадаа “нүд үзүүрлэгддэг” гэжээ.Уг судалгааны дүгнэлтэд ажлын байрны таатай уур амьсгал, ажиллах хэвийн нөхцөл ил тод шударга байдлыг хангах зэрэг толгой байгууллагын баримталдаг ажлын байранд тавигдах шаардлагыг хэрэгжүүлдэггүй. Мөн ажилтнуудаасаа зүй бус ажил үүргээс давсан шаардлагууд тавьдаг, ажлын менежмэнт үр дүнгүй хэмээн дүгнэжээ.

Товчхондоо, тус байгууллага том утгаараа ядуурлыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх, тэгш байдлыг бий болгох зорилготой ч эдгээр шаардлагуудыг удирдлагууд нь өөрсдөө дотроо ноцтойгоор зөрчиж байсан баримтууд ил болжээ. Тухайлбал, гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажилтан эмэгтэйгээ ажлын шаардлагаар өөр бусадтай дотно харилцаа тогтоож мэдээлэл олж ирэхийг шаардсан, амьдралаар чинь тоглоно хэмээн заналхийлж, дараагийн ажлаас нь халуулсан тохиолдол ч гарч байжээ.

Эх сурвалж : Zuv.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.