НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРИЙГ НАЙМДУГААР САРЫН ЭХЭЭР НЭЭНЭ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж байна.

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ШАЛГАХ ЗААВАР

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах заавартай танилцана уу. 1. E-Mongolia системийн дэлгэц дээр харагдаж буй Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэсгийн шалгах товчийг сонгоно. 2. Өөрийн хүүхдийн регистрийн дугаар болон зурган талбарыг бөглөөд шалгах товчийг дарна уу. 3. Баталгаажсан төлөвтэй байвал таны хүүхдийн мөнгөн тэтгэмж бүртгэлтэй дансаар хэвийн олгогдох болно. Жич: Хэрэв данс бүртгэлгүй төлөвтэй байвал E-Mongolia системээр дансаа баталгаажуулаарай. ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ДОЛООДУГААР САРЫН 7-НД НӨХӨН ОЛГОНО 2023 оны 1-6 сард Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдүүдэд аваагүй сарын мөнгийг долоодугаар сарын 7-нд нөхөн олгоно.

ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ

Долоодугаар сард хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр Асаргааны тэтгэмж Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ долоодугаар сарын 20-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар 6, 20-нд Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг долоодугаар сарын 20-нд Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгөн тэтгэмж Насны хишиг Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж долоодугаар сарын 6-нд олгох юм байна.

ЦЕГ: ИРГЭН РҮҮ ХУТГА БАРЬЖ ДАЙРСАН ГЭХ Ц-Д ХОЛБОГДУУЛАН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хэвлэлийн хурлын үеэр цахим орчинд цацагдсан автомашин ачилтын компанийн ажилтан иргэд рүү хутга гаргаж танхайрсан гэх дүрс бичлэгт холбогдох хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл хийлээ. Тэрээр "Ачилтын компанийн ажилтан иргэд рүү хутга барьж дайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас холбогдох албан тушаалтан очиж шалгалтын ажиллагаа явуулсан. Зөрчил гаргагч Ц-д холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна" хэмээв.

ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН ТӨСЛҮҮДИЙГ 2023 ОНД БАГТААН ШИЙДВЭРЛЭХЭЭР ТАЛУУД ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв. Эдгээр төслүүдэд хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдлээ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд яригдсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал маргааш буюу зургадугаар сарын 29-нд Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум, “Welcome to Mongolia” зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ. Мөн тус улсын нэр бүхий томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ үргэлжилнэ. Хоёр улсын Засгийн газар хот төлөвлөлт болон шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ногоон хөгжил, зам тээвэр, төрийн өмчит компанийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд санал нэгдэж, санамж бичигт гарын үзэг зурсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэрэгжүүлж буй айлчлалын хүрээнд 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав. 1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд Ли Шяопөн нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын тээврийн салбарыг хөхиүлэн дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангах, хоёр улсын тээвэрлэгч нарт гуравдагч улс руу болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх шинэ боломж бүрдэж байна. Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн харилцааны голлох салбар болох тээврийн салбарын хамтын ажиллагааг ийнхүү эрчимжүүлснээр гадаад худалдааны суурийг бэхжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгох ач холбогдолтой аж. 2. “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурлаа. Талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд талууд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ. 3. “Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны дарга Жан Юйзуо нар гарын үсэг зурлаа. Төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, технологийн инновац зэрэг чиглэлээр туршлага солилцох, төрийн өмчит компаниудын хооронд олон салбарт харилцан ашигтай, бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичиг юм. 4. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол” болон “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нядалгааны зориулалттай хонь, ямааг экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлгийн эрүүл мэндийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурлаа. Хоёр улсын Гаалийн ерөнхий газар хоорондын уг баримт бичгүүд нь энэ салбарын өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, тэр дундаа мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын үйл ажиллагааг харилцан уялдаатай, хөнгөлөлттэй бөгөөд шуурхай, олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр явуулах эрх зүйн үндсийг бий болголоо. 5. “Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Цай Жяньчүнь нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

Ц.НАНЗАДДОРЖИЙГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ. Тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаанаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаад өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнө нь АН-ын гишүүн байсан хүн Цэцийн гишүүнээр ажиллахаар яагаад байгаа юм бэ? Сандал суудлын төлөө та нар явдгаа одоо болимоор юм. Та нарын эрх мэдэл багадаагүй" хэмээв. Цэцийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив. Ц.Нанзаддоржийг 2018 онд Цэцийн гишүүнээр томилж байв.

АНУ-ААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ БАНК РУУ ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ, 461 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН С-Д 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Хан-Уул дүүргийн прокурорын газраас АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотоос Монгол Улсын иргэдийн интернет банкинд хууль бусаар нэвтэрч, бусдад хохирол учруулсан иргэн С-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Манай улсын иргэн С нь 2019 оны 7 сараас 2021 оны 3 сар хүртэлх хугацаанд АНУ-д оршин сууж байхдаа Монгол Улсын 127 иргэний интернэт банкинд хууль бусаар нэвтэрч 460.950.838 төгрөгийг өөртөө шилжүүлэн авчээ. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Б.С-ийг гэм буруутайд тооцон 10 жилийн хорих хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

БУСАДТАЙ ХАРИЛЦСАН ЧАТАА ДЭЛГЭВЭЛ 1-10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Шүүмжилж, магтаж, өөрсдийн өнцөг, үзэл санаагаа түгээж харилцан мэдээлэл солилцож байна. Ингэхдээ хэн нэгэнтэй харилцсан зурвас, хувийн чатыг эерэг, сөрөг ямар нэг байдлаар шууд л нийтэд дэлгэдэг болжээ. Ялангуяа Монголчуудын өргөн хэрэглэ дэг твиттер, фэйсбүүкт хэвийн мэт үзэгдэл боллоо. Гэхдээ мэдээлэл, зурвасыг дэлгэж буй хүн ямар нэг элдэв санаа агуулаагүй байж болох ч нөгөө талаараа хүний хувийн нууцад халдаж буй үйлдэл юм. Учир нь захидал харилцааг хүний хамгийн эмзэг мэдээлэл гэж хуулиар тодорхойлчихсон. Үндсэн хуульд тодоос тодоор бичсэн ийм заалт ч бий. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16.13-д “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн байна. Зөвхөн захидал харилцааны нууцыг задлахаас гадна хүний хувийн нууцад халдаж зөрчсөнтэй холбоотой олон асуудал бий. Үүнтэй холбоотой асуудлыг зохицуулахаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Энэ хууль урьд өмнө нь байгаагүй цоо шинэ ойлголт биш. “Хувь хүний нууцын тухай” хуулиар 1995 оноос хойш мөрдөж энэ асуудлыг зохицуулж байсан. Шинэ нь хуучнаасаа илүү өргөн агуулгыг багтааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан хүний хувийн мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, эмзэг, хөрөнгийн зэргээр өргөжүүлсэн. Эмзэг мэдээлэлд хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл багтана. Гэвч иргэд, олон нийтийн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үүдэж хүний мэдээлэлд халдсан олон асуудал өнөөг хүртэл гарсаар байна. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд ХЭҮК болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавих үүрэгтэй. Хуульд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисс “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсвэл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх, эсвэл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлнэ” гэжээ. Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад “Иргэд бие биенийхээ захидал харилцааны нууцыг цахимаар задруулсан тохиолдолд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1, 4.1.12, есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн харилцсан зурвас буюу чат нь хүний эмзэг мэдээлэл, хувь хүний нууц мөн бөгөөд түүнийг зөвшөөрөлгүй задруулбал Эрүүгийн хуулийн 13.11, Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзнэ. Хүний эрх зөрчигдсөн, хүний хувийн мэдээллийг хууль бусаар задруулсан тохиолдолд комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг зөвхөн гомдолд холбогдогч нь байгууллага байх тохиолдолд хэрэгжүүлэхээр хуульчилсан. Харин уг хуулийг зөрчсөн хувь хүний үйлдэлд Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан. Иргэд хоорондын харилцааг ХЭҮК-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, шалгуулж болно” гэв. ХЭҮК-т захидал харилцааны нууцтай холбоотой гомдол төдийлөн их биш байгаа нь иргэдийн энэ талаарх мэдлэг дутмаг байгааг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Учир нь ХЭҮК-т үүнтэй холбоотой ганцхан гомдол иржээ. Өмчийн маргаантай хоёр иргэн захидал харилцаа задруулсан асуудлаар гомдол гаргажээ. Ингэхдээ тухайн хоёр иргэн харилцан бие биенийхээ чатыг задалсан байсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатар “Захидал харилцаа нь хувийн нууцад хамаардаг. Тухайн иргэн хувийн мэдээллээ хуваалцах, түгээхийг зөвшөөрөөгүй бол цахим орчинд зурвас, чатыг дэлгэх нь нууцад халдсан, хууль зөрчсөн үйлдэл болно. Хууль зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулиар болон ХЭҮК-т гомдол гаргах бүрэн эрхтэй. Мөн хүний эмзэг мэдээллийг задруулж нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзвэл Иргэний хуулиар ч шийдүүлэх боломжтой. Иргэд хувийн нууцаа хамгаалахдаа анхаарч өөрсдийн хэрэглэж буй аппликейшнийг зөв сонгох хэрэгтэй” гэсэн юм. Найз нөхдийн хөгжилтэй зурвас эсвэл ноцтой асуудал хөндөгдсөн эсэхээс үл хамааран захидал харилцааг задруулах нь хуулиар хориотой. Олон нийтийн сүлжээнд найз, нөхөдтэйгөө харилцсан зурвасыг дэлгэх нь хүртэл хүний эмзэг мэдээллийг задруулсанд тооцогдоно. Захидал харилцааны нууцад агуулга хамаарахгүй. Харин эцэг эх нь хүүхдийнхээ зурвасыг задруулахад энэ нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй аж. Гэвч энэ нь хуулийн зөрчил бус ёс зүй, ёс суртахуунтай холбоотой үйлдэл болохыг мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ зурвасыг олон нийтийн сүлжээнд дэлгэхдээ аюулгүй байдлыг харгалзан үзэж хувь хүний орон зайд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. Хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар торгох ял, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хэрэв иргэд хувийн нууцыг нь задруулсан, хүний эмзэг мэдээлэлд халдсан гэж үзвэл мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, шийдвэрийг мэдээллийн эзэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой. Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа Саяхан 74 жилийн ойгоо тэмдэглэсэн “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа. -Та ковид цар тахлын хүнд үед УБТЗ-ын даргаар томилогдсон. Анх ажлаа хүлээж авахад нөхцөл байдал ямар байв. Хүндрэлээс гарахын тулд ямар ажлууд хийв. -2 жил шахам хугацааны өмнө намайг ажлаа хүлээж авч байх үе бол дэлхий нийтэд ковид цар тахлын халдвар эрчимтэй тархсан, улс орнуудын хоорондын ачаа тээвэр үлэмж хэмжээгээр багасаж үүнээс улбаалж Монгол Улсын маань эдийн засгийн байдал ч хүнд байдалд орсон үе байлаа. УБТЗ-ын хувьд ч гэсэн экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 50 гаруй хувиар буурсан, мөн нийтдээ 19 бүлгийн ачаа тээвэрлэдэг ч транзит болон экспортын зарим төрлийн ачаанаас бусад бүх ачааг олон жил алдагдалтай тээвэрлэж, жил бүр асар их хэмжээний алдагдал хүлээж ирсэн байлаа. Ганц жишээ хэлэхэд зөвхөн зорчигч тээврээс гэхэд л жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж иржээ. Энэ байдал нь УБТЗ-ын санхүүгийн чадавхыг доройтуулж, дорвитой техникийн шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж ирсэн байна. Эдгээр шалтгаануудын улмаас УБТЗ-ын тээврийн хэмжээ буурч, санхүүгийн хямралд орсон хүнд байдал угтсан. Гэсэн ч УБТЗ-ыг санхүүгийн эрсдэлээс гаргах, цаашид хөгжүүлэх хариуцлагатай хүнд үүрэг ногдсон учраас ухарч шантрах зам байгаагүй. Ажлаа аваад хамгийн эхэнд дараах 3 асуудалд онцгой анхаарлаа хандуулж ажилласан. Үүнд: 1-рт. Ковид цар тахлын халдварын улмаас БНХАУ хилийн хатуу хорио цээр тогтоосон үед Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоо хоногтоо 14 галт тэрэг солилцох ёстой ч энэ үзүүлэлт 8 хүртэл буураад байлаа. Үүнийг нэмэгдүүлнэ гэдэг бол маш хүнд асуудал байв. Энэ асуудлаар Хятадын талтай удаа дараа уулзалт яриа хэлэлцээр зохион байгуулж олон талт арга хэмжээ авсны үр дүнд маш сайн ойлголцон хамтран ажиллаж галт тэрэг солилцоог 2022 оны 1-р сараас хоногт 10 галт тэрэг, 9-р сараас хоногт 14 галт тэрэгт хүргэж тус тус нэмэгдүүлсэн. Ингэж галт тэрэг солилцоог цар тахлын өмнөх хэвийн түвшинд нь хүргэж чадсан төдийгүй мөн оныхоо 10, 11 дүгээр сард 8 удаа хоногтоо 15 галт тэрэг, 1 удаа 16 галт тэрэг, 12 дугаар сард 1 удаа 17 галт тэргийг тус тус Эрээн өртөөнд хүлээлгэн өгч шинэ түүхэн дээд амжилтуудыг тогтоосон. Хилийн галт тэрэг солилцоо гэдэг бол экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тодорхойлж байдаг манай байгууллагын үндсэн чиг үүргийн маш чухал үзүүлэлт учраас ингэж өндөр ач холбогдол өгч яриад байгаа юм. Тухайлбал Замын-Үүд – Эрээн хилийн боомтуудын өргөн, нарийн царигийн галт тэрэг солилцоог нэгээр нэмэгдүүлэхэд л манай тээврийн хэмжээ жилдээ 2 сая орчим тонноор өсдөг гэхээр ямар чухал үзүүлэлт вэ гэдэг нь тодорхой юм. Мөн 2023 оны хоёрдугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд - Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь 2015 оноос хойш гарсан том ахиц дэвшил болсон. Энэхүү тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд - Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоног тутамд өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар 6 галт тэрэг солилцохоор хэлэлцээрт тусгасан байсан бол дээрх шийдвэрийн үр дүнд өнөөдөр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 15 галт тэрэг тогтмол солилцож байна. Мөн дээрх зөвлөгөөнөөр Наушки-Сүхбаатарын боомтоор Оросын талтай хоногт 8 галт тэрэг солилцож байсныг 10 болгож нэмэгдүүлэхээр тохирсон. Ийнхүү бидний зүгээс галт тэрэг солилцоо болон тээврийн хэмжээгээ боломжит хэмжээгээр нэмэгдүүлж чадлаа. 2-рт. УБТЗ-ын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд голлох үүрэгтэй галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж нөхцөлийг сайжруулахын тулд хөрш орнуудын хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарч ажилласан. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил зогсонги байдалд ороод байсан юм. Уг асуудлаар хөрш орнуудынхаа төмөр замын удирдлагуудтай ярьж тохирсны дагуу хятадын тал өнгөрсөн жил Эрээн өртөөний хүчин чадлыг өргөтгөж, Эрээн-Жининь хоорондын замд 5 өртөө шинээр барьж нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлсэн бол Оросын тал энэ жил Наушки өртөөг өргөтгөх болон Наушки – Улаан-Үүд хоорондын замыг шинэчлэх ажлыг хийж эхлээд байна. УБТЗ-ын хувьд өнгөрсөн жил Замын-Үүдийн нарийн царигийн 2 дахь замыг улсын хил хүртэл барьснаас гадна Замын-Үүд 2 – Шаргын-Овоо өртөө хоорондын замыг хос болгох ажлыг хийж гүйцэтгэлээ. Ийнхүү хөрш орнуудын хилийн өртөөд хүчин чадлаа харилцан уялдаатай нэмэгдүүлснээр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт 20 хүртэлх галт тэрэг, Сүхбаатар – Наушки өртөөгөөр хоногт 14 хүртэлх галт тэрэг солилцох хүчин чадалтай болох юм. Хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар авсан эдгээр арга хэмжээний үр дүнд энэ оны эхний 5 сарын байдлаар УБТЗ 13,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25,7 хувиар илүү байна. Энэ нь оны эцэст 32 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтаа ахиулах төлөвтэйг харуулж байна. 3-рт. Дээр хэлсэнчлэн УБТЗ-ын дараагийн тулгамдсан гол асуудал бол тээврийн тарифыг индексжүүлж, тарифын алдагдлыг бууруулах явдал байлаа. Энэ чиглэлээр “УБТЗ” ХНН-ийн зүгээс 2021-2025 оны дунд хугацааны тарифын бодлогыг боловсруулж, Монгол Улсын Засгийн Газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр тарифын индексжүүлэлтийг шат дараалан хийж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний үр дүнд УБТЗ-ын тээврийн тарифын алдагдал багасаж, санхүүгийн чадавхад эерэг нөлөө үзүүлж эхлээд байна. 2022 онд ковид цар тахлын хүндрэл болон тээврийн тарифын алдагдлаас УБТЗ 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсан ч тээврийн тарифыг индексжүүлж, хэмнэлтийн горимд шилжиж ажилласны үр дүнд дээрх алдагдлыг 140 шахам тэрбум төгрөгөөр бууруулж чадсан. УБТЗ-ын тээврийн тарифын алдагдлыг боломжит доод түвшинд хүртэл бууруулж чадсанаар тус нийгэмлэгийн санхүүгийн чадавх сайжирч, техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй хийх боломж нээгдэж байна. Ийнхүү УБТЗ-ын 74 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг хохирол багатайгаар давж чадсандаа туйлын их баяртай байна. Энэ бол бидний зүгээс зах зээлийн эдийн засагт нийцсэн удирдлагаар ханган зөв бодлого барьж, шинэлэг менежментээр ажилласны үр дүн бөгөөд нөгөө талаас төмөр замчид маань нойр хоолоо умартан хоногийн 24 цагаар тасралтгүй ажиллаж, атгасан гар шиг хамтдаа нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэсний илрэл юм. -Таныг УБТЗ-ын даргаар томилогдсоноос хойш УБТЗ төр засгийн зүгээс чамгүй их дэмжлэг авчээ. МонП-1, МонП-2 зээлтэй холбоотой асуудал болон УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудал эцэслэн шийдэгдсэн үү? -УБТЗ цаашдаа ч Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн хүндрэлээс гаргах асуудал бас л тулгамдсан чухал асуудал болоод байгаа юм. Энэ бол 1990-ээд оны эхэн үед “УБТЗ” ХНН нь Монгол Улсын Сангийн яамаар дамжуулж Япон улсаас авсан Мон-П1, Мон-П2 гэгддэг зээлийн үлдэгдэл өр болох 83,7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг манай Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх замаар хөрөнгө оруулалт хийх, улмаар ижил тэнцүү хэмжээгээр “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт тавьсан. Энэ санал дээр 2 тал нэгдсэн ойлголцолд хүрч 20 гаруй жилийн дараа шийдлээ оллоо. Монгол, Оросын тээврийн асуудал хариуцсан сайд нар 2023 оны 6-р сарын 21-ний өдөр Москва хотноо УБТЗ-ын дүрмийн санг 167 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай 1949 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах протоколд гарын үсэг зурснаар энэ асуудал амжилттай эцэслэн шийдэгдлээ. Ингэснээр Нийгэмлэгийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн техник, технологийг шинэчлэх төсөл, хөтөлбөрийг зах зээлийн зарчмаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. -“УБТЗ” ХНН саяхан 74 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Энэ үеэрээ Замын-Үүдийн боомтоор түүхэндээ анх удаа 18 галт тэрэг солилцож түүхэн амжилт тогтоосон гэж дуулсан. Ачаа тээврийн амжилтуудаасаа тодруулж ярина уу? -Манай төмөр замчид ачаа тээврийн амжилтаа урагш ахиулж, амжилтаас амжилтад байнга тэмүүлж байдаг. Хамгийн гол нь энэхүү амжилтын ард төмөр замчдын маань шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хөлс хүч шингэсэн байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигаар хэд хэдэн удаа 16-17 галт тэрэг солилцож шинэ дээд амжилт тогтоосон. Тэгвэл энэ жилийн хамгийн бахархалтай үйл явдал бол УБТЗ-ын хамт олон “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсан түүхт ойн өдрөө буюу 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигаар 18 галт тэрэг, нарийн царигаар 9 галт тэрэг, Наушки-Сүхбаатарын боомтоор 10 галт тэрэг солилцож түүхэн шинэ дээд амжилт тогтоосон. Мөн өөр нэг чухал үзүүлэлт бол ачилт. Тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шилжүүлэн ачилтын хурд маш чухал үзүүлэлт байдаг. Манай Замын-Үүд, Сүхбаатар зангилааны төмөр замчид энэ жил хэд хэдэн удаа ачилтын дээд амжилтаа ахиуллаа. Хамгийн сүүлд Замын-Үүдийн төмөр замчид маань 5-р сарын 20-нд нэг ээлжиндээ 457 вагон ачиж ачилтын дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоогоод байна. -Та саяхан “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлын урилгаар БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үр дүнгийнхээ талаар сонирхуулна уу? -“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал сүүлийн 20 гаруй жилд анх удаа УБТЗ-ын даргыг албан ёсоор урьж уулзсан явдал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагаанд хятадын тал өндөр ач холбогдол өгч, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхийг зорьж байгааг харуулсан үйл явдал боллоо. Айлчлалын үеэр “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе, “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө болон “Хөх хотын төмөр замын групп” компанийн ерөнхий захирал Ян Бин нартай тус тус албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүдийн нарийн царигийн 2 дахь замыг хятадын талтай холбох, хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тээвэр зохион байгуулалтын ажлыг сайжруулах, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох, дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлэх, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцож нэгдсэн тохиролцоо ойлголцолд хүрсэн бөгөөд зарим нэг тулгамдаж байгаа асуудлуудыг судалж шийдэл олох хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохирлоо. Энэхүү айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинэ үе шатанд гарсан маш чухал алхам болсон. -Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх асуудал яригдсан гэдгийг тодруулж ярьж өгнө үү. Хэдийнээс Монгол-Хятадын хооронд зорчигчийн галт тэрэг аялж эхлэхийг хүмүүс сонирхож байгаа нь лавтай. -Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбоотойгоор цар тахлын халдварын улмаас зогссон олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх бэлтгэл ажлаа УБТЗ-ын зүгээс хийж дуусгасан бөгөөд ойрын хугацаанд хоёр улсын хооронд олон улсын зорчигчийн галт тэргийг аялуулах хүсэлтэй байгаагаа Хятадын талд уламжилсан. Хятадын төмөр замын зүгээс энэ асуудал дээр онцгой анхаарч ойрын хугацаанд олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх асуудлыг шийднэ гэдгээ мэдэгдсэн. - Та богино хугацаанд маш олон чухал ажлуудыг амжуулжээ. Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе? - Цар тахлын дэгдэлттэй зэрэгцэн валютын ханшны өсөлт, инфляцийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан нь ард түмэнд хүндээр туссан. Гэхдээ хэн нэгнээс шалтгаалаагүй энэхүү бэрхшээлийг даван туулахын төлөө Замын удирдлагын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж энэ хүнд үеийг давах бодлого, арга хэмжээг үе шаттай шуурхай төлөвлөн хэрэгжүүлж ажиллалаа. Эдгээр ажлын үр дүнд хамгийн бодит өгөөж авчирсан гол шийдэл гэвэл төмөр замчдынхаа хөдөлмөрийн үнэ цэнэ, учирч буй хүндрэл бэрхшээлээ төрийн байгууллагуудад цаг алдалгүй ойлгуулж, алдагдалтай тээврийн тарифуудыг нэмэгдүүлж ашигтай түвшинд хүргэсэн явдал юм. Мөн бид энэ оны 7 дугаар сарын 1-нээс төмөр замчдынхаа үндсэн цалинг дунджаар 15 хувиар нэмж, шагнал урамшууллыг тэгшитгэж, бүсийн нэмэгдлийг мөнгөн дүнгээр тооцож олгох, ижил ажлын цалин хөлсийг нэмэгдүүлэн зөрүүг арилгах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг авч ажилласнаар сүүлийн 10 шахам жил хүлээгдсэн байсан цалин хөлсний системийн шинэчлэлийг эхлүүллээ. Ер нь товчхондоо ойлгуулж хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд тээж байгаа ачааны хэмжээгээ өсгөн нэмэгдүүлэх, тээх ачааны тарифууд нь алдагдалгүй, ашигтай байх, ашиг орлого нэмэгдсэний үр дүнд байгууллагадаа шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийж, төмөр замчдынхаа ахуй амьдрал, нийгмийн асуудлыг цаг үеийн байдалтай уялдуулан тухай бүр оновчтой, өгөөжтэй шийдэж байхын төлөө л ажилласан бөгөөд цаашдаа ч энэ зарчмаар ажиллах болно. -Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. -Танд баярлалаа. Ингээд нийт төмөр замчиддаа болон хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа ажлын өндөр амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Б.Мөрөн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТУГ АЯЛУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах аяныг нийслэлийн 6 дүүрэгт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр (2023.05.23) тус арга хэмжээ Баянгол дүүрэгт зохион байгуулагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын туг, аяны удирдамжийг Ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяад хүлээлгэн өглөө Баянгол дүүргийн хэмжээнд 5,800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин сууж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, холбогдох журмуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажлыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа товч танилцуулж аяны хүрээнд удирдамжид тусгагдсан арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн арга хэмжээний хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт” агуулгын хүрээнд” Би чадна” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Батчимэг “Монгол улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өнөөгийн байдал ба тулгарч буй асуудал” сэдвээр, JICA Dpub төслийн ажилтан Х.Мөнхтуул, Түгээмэл хөгжил төвийн ажилтан Г.Эрдэнэзул нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн жишээ, туршлага, ажлын байрны тохируулга, тэгш хүртээмжтэй ажлын байрны орчин бүрдүүлэх арга” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, хорооны Нийгмийн ажилтнууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нийт 90 гаруй албан хаагч, иргэн хамрагдлаа. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Төрийн бус байгууллагууд, идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, албан хаагч нартаа талархал илэрхийлье.

1 ... 93 94 95 96 97 98 99 100 101 ... 317