НЭГҮҮН МЭДЭЭ
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 60-234 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭ ХАНШТАЙ БАЙНА

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хагас сар үлдлээ. Энэ хичээлийн жилд ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 2-39 мянган төгрөгөөр нэмэгджээ. Хамгийн хямд үнээр "Баялаг Ундраа" худалдааны төвийн гадна талбайд дотоодын үйлдвэрлэлийн хувцас багц үнээрээ бага анги 60 мянга, дунд анги 75 мянга, ахлах анги 90 мянган төгрөгөөр худалдаалж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОБУСНУУДАД RFID ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

"Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгох ажлыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна. Тодруулбал: Эхний ээлжид нийтийн тээврийн үйлчилгээний 210 автобусанд байршууллаа. Уг систем нь төрийн байгууллага болон авто замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломж бий болохоос гадна авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан бүрдэх юм. Мөн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм. Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.

ДЭЛХИЙ ДАЯАР НҮҮДЭЛЛЭН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛДАГ “AАMA” НИЙГЭМЛЭГИЙНХЭН ХААН ГАЛЕРЕЙД “ТУХАЛЖЭЭ”

Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерей сар бүр уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэнг олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Тус галерейд олон улсын 160 гаруй уран бүтээлчийн нэгдэл болох “ AАmA” нийгэмлэгийн “Concept of WE” үзэсгэлэнг Монголын үзэгчдэд анх удаа толилуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрээр нүүдэллэн, үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулдаг “ААmА” нийгэмлэг нь 20 жилийн ойгоо тохиолдуулан монгол уран бүтээлчидтэй хамтран ийнхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тодруулбал, тус үзэсгэлэнд олон улсаас Испани, Португал, Итали, Тайланд, Мауритиус, Хятад, Австри зэрэг орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна Монгол Улсаас уран бүтээлч Ц.Цэгмэд, Д.Отгонбаяр, О.Үржинханд, Г.Мөнхболор, Э.Ононгуа, Б.Сонинбаяр, Э.Пүрэвсүрэн нарын бүтээлүүд багтжээ. “Concept of WE” үзэсгэлэн монгол зураг, уран зураг, зураасан зураг, бэхэн зураг, керамик урлаг болон орон зайн өрөг урлаг гэхчилэн дүрслэх урлагийн олон төрлийг хамарч чадсанаараа онцлогтой. Уран бүтээлч бүрийн өөрсдийн үндэсний онцлог, өвөрмөц дотоод ертөнц бүтээлүүдээс нь ялгаран харагдах бөгөөд энэхүү үзэсгэлэн та бидний өмнө олж хараагүй өнцөг, мэдрэмжийг лавтайяа өгч чадахуйц ажээ. “Concept of WE ” олон улсын үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагт ХААН галерейд үнэ төлбөргүй гарч байна. Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн ирж, оюуны таашаал авахыг урьж байна. Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

ХИЛИЙН ЗУРВАСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙСАН ХЯТАД КОМПАНИ ОТРЫН БҮСЭД 50 МЯНГАН ГА АШИГЛАХААР БОЛОВ УУ?

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомт нь далайд хамгийн ойр Монгол Улсын хилийн гарц. Олон нүүрсний орд энэ боомтоос холгүй үйл ажиллагаа явуулдаг зэргээр энэ боомтын үнэ цэнэ өдрөөс өдөрт өсөж буй. Боомтоор гарч байгаа ачаа эргэлт нэмэгдэж байгаа зэргээс Бичигтийн боомтын үнэ цэнэ харагддаг. Тиймдээ ч энэ боомт, Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулах гэсэн гадна дотнын олон компани очер дугаар үүсгэж байгаа. Энэ бол Сүхбаатарчуудын хувьд гэлтгүй САЙН МЭДЭЭ. Гэвч сайны хажуугаар саар бас байна. Тухайлбал, ганц нэгхэн компанид давуу эрх олгодог, бичиг баримтыг нь аймаг, сумын Засаг дарга нар нь өөрсдөө барин ийш тийш давхидаг ийм буруу жишиг тогтож байна. Ийм давуу эрхтэй нэг компани нь БНХАУ-ын иргэний 100 хувийн эзэмшлийн “Чинберри”. Энэ компани өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын хилийн зурваст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч үүнийг нь аймгийн Засаг дарга М.Идэрбат, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун нар бүтээхээр хэрхэн хөөцөлдөж байсныг та харж байна. Тэгвэл Монгол Улсын дархан хилийн зурваст үйл ажиллагаа явуулахаар аймаг, сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр хөөцөлдөж байсан “Чинберри” компани “Б” хувилбартаа шилжжээ. Тэд өдгөө Эрдэнэцагаан сумын хамгийн үржил шимт отрын нутагт 50 мянган га газар ганцаараа хадлан хадах эрхээ нээчихээд сууж байна. Бусад хувь хүн, аж ахуйн нэгжүүд хамгийн ихдээ 5000 га газраас хадлан авах эрх авч байхад “Чинберри” 50 мянган газарт “эзэн сууж” байна. Эрдэнэцагааны үржил шимт нутгаас 50 мянган га хадлан хадаж экспортлох эрх авах гэж байгаа “Чинберри” компаний эзэн нь Sayinmuren бөгөөд Эрдэнэцагааныхны эртний танил Хархүү хэмээх өвөрмонгол эрийн хүү, Мөрөн гэдэг нэрээрээ аймаг болон сумын Засаг дарга нартай нэлээд ойр дотно харилцаатай хэмээн Эрдэнэцагааны уул уурхайнхан дунд алдаршиж яваа нэгэн. эх сурвалж:24tsag.mn

“ДРАГОН" АВТОВОКЗАЛЫГ ЭНЭ САРЫН 21-НИЙ ДОТОР НҮҮЛГЭХЭЭР БОЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Драгон" автовокзал нь энэ сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүхээр шийдвэрлэгдсэн байна. Зорчигчдийг үдэж угтах, тосох, таксидах зай жаахан холдож байгаа бололтой. Бусдаар зай талбай орчин нь саруулхан том болж байгаа аж.

БАГШИЙН ДЭЭДИЙН УУЛЗВАРААС ШУТИС-ИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМ ХААНА

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийнэ. Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛ ДЭХ ГААЛИЙН ГАЗРУУД IX/1 ХҮРТЭЛ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАНА

Улаанбаатар хот дахь гаалийн газар амралтын өдрүүдэд ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 1-нийг хүртэл бямба, ням гарагт амрахгүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллахаар боллоо. Монгол Улсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал, түүнээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах цаг үеийн хойшлуулшгүй ажил, гадаад худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Л.ЧИНБАТЫН ХҮН АЛАХЫГ ЗАВДСАН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Хөдөлмөрийн баатар Л.Чинбат 2023.06.15-ны өдөр Дорнод, Сүхбаатар аймгаас 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу ямар нэг зөвшөөрөлгүйгээр оруулахыг завдсан бөгөөд эсэргүүцсэн нутгийн иргдийг дайрч алахыг завдсан. Тэрээр энэ талаар нүүр номдоо “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” хэмээсэн. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаад Л.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл .Хүнийг алах /Хүний амийг хөнөөхөөр завдсан/ 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байсан юм. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийх болно. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм. Улмаар гэм буруугийн хурлаас ял оноох эсвэл цагаатгах шийдвэр гарна. эх сурвалж:tac.mn

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 60 ХУВЬ НЬ ГЭРЭЛ ШИЛЖҮҮЛЭЭГҮЙН УЛМААС ГАРЧ БАЙНА

Олон жил ярьж сануулсан ч тоймгүй осол гарсаар л байна даа. Яавал ойлгох юм бол та бүхэн. Цас их орсон энэ үед халтиргаа гулгааны улмаас автомашины осол өдөр өнжихгүй гарч байна. Үүний хажуугаар хувиа хичээсэн жолооч нар харанхуй шөнө гэрлээ шилжүүлэхгүй явсны улмаас осол гарах тохиолдол улам нэмэгдэж байна. Ялангуяа хот хооронд явдаг том оврын ачааны машинтай жолооч нар. Мэлийсэн их гэрэл тусгасных нь улмаас эсрэг талаас зөрж байгаа машины жолоочид 100 хүртэлх метрийн зайнд юу ч харагддаггүй. Ёстой л баримжаагаараа азаа үзээд л өнгөрдөг. Нүх, чулуу байвал дайраад өнгөрөх энүүхэнд. Үүнээс том эрсдэл бол арынх нь машинтай мөргөлдөх эсвэл ямар нэгэн мал зам хөндлөн гарч байвал дайрна. Замын хажууд түр зогсч байгаа машин байвал араас нь ч мөргөх тохиолдол их. Аль нэг бартаа байгааг харсан жолооч сандрахдаа жолоогоо огцом дарж замаас гарч онхолдож байгааг мэргэжлийн байгууллагынхан баримттайгаар хэлсээр байна. Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагчаас нэмж тодруулахад, “Жолооч гэрэл шилжүүлээгүйн улмаас өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гялбаанд орох, зорчих хэсгийн баримжаа алдсанаас болж шөнийн цагт гарсан зам тээврийн ослын 60 хувь нь гардаг” гэв. Гэрэл шилжүүлэлгүй хоёр машин зөрж өнгөрөхөд жолоочийн нүдний хараанд өөрчлөлт орж, орчноо хяналтдаа авах, таньж мэдэх мэдрэмж нь алдагддаг байна. Энэ байдал ойролцоогоор арван секунд үргэлжилдэг. Тээврийн хэрэгсэл 80 км цагийн хурдтай явж байна гэвэл арван секунд нь 120 метр замыг туулах хугацаа юм. Энэ хугацаанд аваар осол болох нөхцөл бүрдэхэд ямар нэг шийдвэртэй үйлдэл хийх боломж хязгаарлагддаг аж. Зарим жолооч машин хуучирч, ашиглах боломжгүй болтол гэрэлтүүлгээ “хүчинтэй” гэж боддог. Гэтэл нөгөөх нь шороо тоос дарсан, бохирдсон бол мэдээлэл өгөх чадвараа алдана гэсэн үг. Тухайлбал, номер руу тусгадаг гэрэл 20 метр зайд бүрэн харагдаж байх ёстой. Энэ зайд харагдахгүй бол жолооч нар түүнийгээ сольж стандартад заагдсаны дагуу шинэчилж байх ёстой аж. Мөн хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлэх оролдлого хийсэн, согтуугаар жолоодсон зэрэг шалтгаан шил дарж байна. Гэмтлийн эмнэлэгийн эмч нар “Аялал зугаалгын үеэр, цагаан сараар тээврийн хэрэгслийн осол эрс нэмэгддэг байна. Гэр бүлээрээ эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү шүү дээ. Эмээ, өвөөтэйгээ үр хүүхдүүдтэйгээ бэртээд л ирдэг. Зүрх шимшрэм дүр төрхтэй байсхийгээд л нүүр тулдаг. Ослын улмаас аав нь эсвэл ээж нь нас барж, хүүхэд өнчин үлдэж байгааг харахаар зүрх зүсэгдэх шиг болдог. Эр хүн заримдаа зангарагтай байдаг юм. Өөрөө хүнд гэмтэлтэй хэрнээ бусдыгаа түрүүлж үзүүлэх гэж зүтгээд байдаг юм” хэмээж байв. Тэгэхээр дахиад хэлье. Ганц хуруугаа хөдөлгөөд л гэрлээ шилжүүлээгүйгээс үүдэн хүний амь нас, эрүүл мэндийг орвонгоор нь өөрчилж байгааг уншигч та ойлгосон байх. эх сурвалж:Монголын мэдээ

МОНГОЛ УЛСАД БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

АПУ ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт европын холбооны стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. АПУ ХК-ийн СББ компани тэртээ 1973 онд анх байгуулагдаж, Монгол Улсын Хүнсний үйлдвэрлэлийн салбарт хагас зууны турш шинэ инновац, шинэлэг технологийг нэвтрүүлэн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлэн, Сэлэнгэ аймаг, Зүүн Хараа сумын хөгжил дэвшил, дэд бүтэц, эдийн засагт онцгой хувь нэмрийг оруулсаар ирсэн. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд АПУ ХК-ийн СББ компани нь бал бурам, нарийн боов, ундаа, гоймон зэргээс эхлүүлэн инновац шингэсэн олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон стратегийн түүхий эдээ дотооддоо боловсруулан үйлдвэрлэж, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж, зөвхөн эдийн засаг төдийгүй улс эх орны хөгжлийн түвшинд онцгой хувь нэмэр оруулсаар байна. Энэхүү түүхт 50 жилийн босгон дээрээ АПУ ХК нь Спирт бал бурам компани үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монгол улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох европын холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэрлэлээ ашиглалтад оруулж байна. Орон нутагт бүтээн байгуулагдаж буй энэхүү үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос хийсэн судалгаанд Монгол улсад жилд 3000 тонн нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортоор оруулж ирдэг бөгөөд тэдгээр импортын бяслагийн дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг. Тиймээс АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү мөн зорьж байна. Өдгөө АПУ компанийн “Спирт Бал Бурам” компанид нийт 300 гаруй хүн ажиллаж, сүүлийн 5 жилийн хугацаанд 367 тэрбум гаруй төгрөгийн татварыг төлж, сум орон нутгийн нийт 40 гаруй газар тариалан эрхлэгч, 580 гаруй малчид фермерүүдтэй тогтмол хамтран ажиллаж байна.

1 ... 86 87 88 89 90 91 92 93 94 ... 317