НЭГҮҮН МЭДЭЭ
АНХААР: ОЙГООС ЗУЛЗАГАН МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХЫГ 2030 ОН ХҮРТЭЛ ХОРИГЛОЛОО

Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах зорилгоор байгалийн ойгоос зулзаган модыг түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гаргахаар төлөвлөсөн болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсан ойн сангийн талбайгаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрснөөс бусад тохиолдолд шилжүүлэн суулгахыг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хориглолоо.

Д.САРАНГЭРЭЛ: ҮГ ХӨӨХӨӨР ҮХЭР ХӨӨ ГЭДЭГ, ТЭР ЯДУУ ӨРХҮҮДИЙГ ҮХЭР ГЭЖ ОЙЛГООРОЙ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаарх тайланг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн" хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр "Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлж байгаа. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Ийм түвшинд очсон байхад энэ үгийг, нөхцөл байдлыг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөж байна. Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тиймээс тэндээ очиж, ажиллах ёстой. 26,000 айл байна. Эдгээр айл төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа халамжийн 920 хүн очиж ажиллаж, эдгээр хүнд тусалъя гэж байгаа юм. Үүнийг мартаж ерөөсөө болохгүй. Эдгээр айлдаа оч. Дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисэлгүй эдгээр айлд очоод үз. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа гэж хэлж байгаа хүүхэд байна шүү дээ. Хэдэн ахмад, хэдэн хүүхэд голоо зогоож амьдарч байгаа вэ гэдгийг газар дээр нь очиж үз" гэлээ.

БЗД-ИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ “ГРИЙН АППАРТМЕНТ” ХОТХОНООС ХАЖУУ БАЙРЛУУ ШУГАМ ТАТАЖ ОРШИН СУУГЧДЫГ БУХИМДУУЛЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Грийн аппартмент” хотхоны хажуу талын байрлуу тус хотхоноос шугам татаж оршин суугчдыг бухимдуулж байна. Тодруулбал, тус хотхоны яг хажууд баригдаж буй “Тимур констакшн”-ы “Энх-Өргөө” хотхон руу оршин суугчдад урьдчилж мэдэгдэлгүй ус, дулааны шугам татаж, гурав хоног ус тасалж иргэдийг хохироож байгаа аж. Оршин суугчдын хэлж буйгаар шугам татаж, хэрэглээний усыг хязгаарлаж байгаагаас гадна энд тэндгүй ухаж, хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэхээс гадна барилгын ханыг хүртэл цоолсон байна. Хаа сайгүй өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ороод буй энэ үед орон сууцны ханыг цоолж, нүх ухаж хажуу байр луу нь шугам татаж иргэдийг хохироож байгаа асуудалд ихээхэн бухимдаж байна. Тус хотхонд 467 өрх байдаг бөгөөд энд амьдарч буй тэдгээр өрхийн амар тайван аж төрөх эрх ноцтой зөрчигдөж байна хэмээн тэд ийнхүү манай редакцид хандсан юм. Оршин суугчид орон сууцны конторлуугаа хандаж үзсэн боловч зүүн түгээх зөвшөөрсөн гэхээс өөр тайлбар өгөөгүй байна. 467 өрх айл амар тайван амьдарч байхад нэг л өглөө орц гарцыг нь хааж, хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэж, хэрэглээний усыг нь тасалж, ханыг цоолж буй энэ үйл явалд холбогдох төрийн байгууллагууд анхаарал хандуулж, арга хэмжээг яаралтай авахгүй бол нийслэлийн хэдэн мянган иргэний эрх өвлийн ид хүйтэнд ноцтой зөрчигдөөд үлдэх нь байна. Түүнчлэн хажуу барилгаасаа шугам татахыг зөвшөөрсөн Зүүн түгээх сүлжээ компанийнхан ч үүнд тайлбар хийх хэрэгтэй болов уу.

ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫГ “ОРВОНГООР” НЬ ӨӨРЧИЛСӨН АРХИТЕКТОР

Аль ч улсын, ямар ч хотын иргэдийн анхаарлын төвд байдаг асуудал бол орон сууцны бодлого. Учир нь орон сууцны бодлогоор дамжуулан тухайн хотын хөгжлийг тодорхойлдог гэдэг. Энэ бодлогыг уялдаа холбоотойгоор, шат дараатайгаар хэрэгжүүлснээр хотын төвлөрөл саарч, түгжрэл, агаар, орчны бохирдол буурч, ядуурал багасдаг зэрэг олон сайн талтай.Т эгвэл орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн барилга бариад байх бус өөр олон ажил хэрэгтэй гэдгийг архитекторчид хэлдэг, хэрэгжүүлэхээр хичээдэг. Тэдний нэг нь одоогийн Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж. Түүний хувьд хуучныг сайжруулж, хөгжүүлэх ёстой гэдэг шийдлийг амьдралд ашиглах боломжийг аль эртнээс санаачлан, хэрэгжүүлж иржээ. Жишээлбэл нийслэл хотыг орон сууцжуулах, түүнд шаардлагатай бүхий л тооцоо судалгааг гаргасан нэгэн. Тодруулбал тэр “Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журам”-ыг боловсруулсан. Н.Нацагдорж 2007 онд санаачлан дээрх журмыг боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолоор батлуулсан. Энэхүү журмыг хэрэгжүүлснээр нийслэлд орон сууцны сан бий болж, сангаас зорилтот бүлгүүдэд орон сууц олгох, төрийн албан хаагчдын орон сууц худалдан авахад тусламж, тэтгэлэг олгох зэрэгт зарцуулах боломж бүрдсэн байдаг. Мэдээж нийслэлд шинэ орон сууц баригдахын хэрээр өмнөх буюу 1970-1980 онд сүндэрлэсэн барилгуудын чанар ч эдэлгээний явцад муудаж, халаалт, дулааны алдагдал ихтэй болчихсон. Тухайлбал I, III, IV, X хороолол, Төмөр зам, Жуков гээд өвөлдөө гэртээ эсгий гуталтай, зузаан дээл, куртиктэйгээ амьдардаг айл олон байсан. Тэдгээрийг нэгэнт буулгаж, дахин шинэчлэх боломжгүй тул засаж сайжруулах нь хамгийн зөв шийдэл. Тиймээс 2010 онд “Угсармал орон сууцыг дулаалах техникийн шинэчлэл хийх” төслийг боловсруулсан байдаг. Үүнийг хэрэгжүүлснээр дулааны алдагдлыг 40 хувиар бууруулж, иргэд дулаан тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдсэн. Ингээд ч зогсохгүй нийслэлийн дулаан хангамжид ч ихээхэн хэмнэлт хийх боломжтой болсон. Тиймээс ч энэ төслийг одоо Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хариуцан зохион байгуулан ажилласаар байгаа. Дээрх ажлууд хийгдсэн 2006-2010 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар Н.Нацагдорж ажиллаж байжээ. Нийслэлийн орон сууцуудыг 1970-1980-аад онд хойд хөршийн “ах нар” барьж, байгуулж өгсөн бол өмнөх буюу 2-3 давхар хуучны барилгуудын ихэнх нь 1950-1960 онд ашиглалтад орсон байдаг. Тэдгээр сууцууд өдгөө газар нь л үнэ хүрч байгаагаас хүн амьдарч, ашиглахад бэрх болчихсон. Тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хангах, мэдээж хөрөнгийн хохирол учруулахгүй байх шаардлага үүссэн. Тиймээс Н.Нацагдорж архитектор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг анх боловсруулж байв. Энэ хүрээнд өдгөө нийт 150 гаруй орон сууцны барилгыг буулган, шинэчлэн барилгажуулаад байна. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын нэг гарц ч гэж болох ажил. Нийслэлд барилгажилт явагдаж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд бий болсоны хэрээр төөрдөг байшин шиг болчихлоо гэх хүн олон болсон. Үүнтэй зэрэгцэн хуучны гэгдэх барилгаар барагцаалж зам заадаг, аль нэг хороолол, байгууллагын хажууд гэж нэрлэдэг байдал ч бий болсон. Хэн дуртай нь барилгынхаа хаяг, дугаарыг харсан газраа хадчихдаг. Үүнийг цэгцлэх арга нь стандарт хийгээд түүнийг хэрэгжүүлэх. Тиймээс 2007 онд Барилгын хаяг дугаарлалтыг стандартад оруулж, Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэд хаягийн цех байгуулсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, яам, тусгай газар, гудамж талбай, барилга орон сууц, хашааны нэр, дугаарыг стандартын дагуу хэвлэн үйлдвэрлэж, хадаж байрлуулдаг болсон. Энэ ажлын үр дүнд шуудан харилцаа холбоо, яаралтай тусламжийн үйлчилгээ болон нийгэм, олон нийтийн бүхий л салбарт өргөн ашиглагдсан үр дүнтэй ажил болоод байгаа. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг ярихаар хамгийн түрүүнд гэр хорооллын утааг хэрхэх талаар ам уралдан ярьдаг. Гэвч утааг бууруулах гэхээс илүү гэр хороололд амьдарч, ажилладаг иргэдээ хэрхэн ая тухтай орчин нөхцөл рүү шилжүүлэх вэ гэдэг гаргалгаа олох нь чухал сэдэв. Тэр ч утгаараа Н.Нацагдорж архитектор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах” төслийг санаачилсан нь үр дүнгээ өгч, өнөөдөр олон айл орон сууцтай болсон. Энэхүү санаачилгын хүрээнд 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 15 мянга гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм. Мэдээж дахин төлөвлөлттэй зэрэгцэн тухайн газарт амьдарч байсан айлуудыг хэрхэх вэ гэдэг нь мэргэжилтнүүдийн хувьд анхаарлын төвд байсан сэдэв. Тиймээс тэдэнд зориулж түр хугацаанд амьдрах “Түрээсийн сууц барих” ажлыг Н.Нацагдорж архитектор санаачилж байв. Олон нийтийн хамгийн сайн мэддэг 100 айл буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд 300 айлын орон сууцны барилгыг өдгөө хүн бүр мэддэг болсон. Яг энэ мэтчилэн нийслэлээс зохион байгуулж буй дахин төлөвлөлтийн бүсийн иргэд тухайн орон сууцанд хямд өртгөөр тодорхой хугацаанд амьдарснаар тэдний эдийн засагт ч нэмэр, тус болж, нийслэлд байх гэр хорооллын тоо буурахад чухал нөлөө үзүүлсээр байгаа юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл "E-Mongolia" системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ. 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. Нэгдүгээр шатанд 12217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11038 хүүхэд бүртгүүлжээ. "Нэг, хоёрдугаар шатанд бүртгүүлсэн ч цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ.

Л.ЭНХ-АМГАЛАН: ЦААШИД ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ ТӨР 100 ХУВЬ ДААХ НЬ ХҮНДРЭЛТЭЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Хүүхдүүд сурч боловсрол эзэмшихээс гадна чанартай хоол хүнсээр хангагдсан байх ёстой. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2100 төгрөг, сургуулийн хүүхдийн үдийн хоол 1500 төгрөг, дотуур байрны хүүхдийн 375 төгрөг байна. Ийм зардлаар хүүхэд өдрийн хүнсний илчлэгээ авч чадах уу?" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. Үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хуучин цэцэрлэгийн хоолны мөнгийг төр эцэг эхчүүдтэй хамтран даадаг байсан, саяхныг хүртэл. Халамжийн бодлого хавтгайрснаас үүдэлтэй хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь даадаг тогтолцоо руу орсон. Цаашид 100 хувь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй. Энэ хэлбэр нь төрд асар их ачаалал авчирна. Асуудал нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхэд өдөрт авах илчлэгээ өнөөдрийн тарифаар авч чадаж байна уу? Өнөөдрийн тарифаар хүүхэд өдөрт авах хоолны илчлэгийн 50 хүрэхгүй хувийг л авч байна. Хоол өгч байгаа нь сайн ч дахиад хагас өлсгөлөн байдалтай байлгах асуудал дээр ямар шийдэл гаргах вэ? гэх асуулт анхаарал татаж байна" гэлээ

Ж.БАТ-ЭРДЭНИЙГ ПРОКУРОРООС 30 ХОНОГ ХОРИХ ХҮСЭЛТЭЭ ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны орой 12 цагийн үед АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацаа өнгөрсөн баасан гарагийн 12 цагийн үед дуусах байсан бөгөөд прокуророос түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ. Гэвч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаа дууссан тул сулласан байна. Хуулиараа шүүхээс захирамж гараагүй бол 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон хүнийг шууд суллах ёстой юм. Ж.Бат-Эрдэнэ шүүгчээсээ татгалзсанаар цаг хожиж буй бололтой. Түүнийг цагдан хорих шүүх хурлыг өнөөдөр /2022.10.10/ товлож болзошгүй.

11 АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 орчим сая мал бэлчээрлэж байна. Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг эзэлж байна. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48.0 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгэсэн байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байна. Баруун бүсийн 5 аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг өнөөдрийн байдлаар 83.6 хувьтай бэлтгээд байна. Баян-Өлгий 86.2 хувь, Увс 95.4 хувь, Ховд 112.2 хувийг тус тус бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгааг харуулж байна. Харин баруун бүсийн аймгууд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 43.3 хувийг, тэжээлийн 30.5 хувийг тус тус бэлтгэсэн. Отор нүүдэл нь 6 ангилалд хийгддэг бөгөөд тухайн жилийн зуншлагаас хамааралтай байдаг. Тухайлбал 2020 оны зуншлага 40 хувь гандуу байснаас 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд сайн байхад 19.0 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжсөн. Энэ жил аймаг дундын 9 отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулах тооцоотой, орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байна.

100 МЯНГАН МОДЫГ ТУУЛ ГОЛЫН ЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ТАРИНА

Энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 8, 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулав. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг тус цэцэрлэгт хүрээлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарих юм. Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 мянган мод тарьсан бол энэ намар 110 мянган модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэнтэй хамтран тарина. Намрын мод тарилтаар бор голт, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 гаруй төрлийн мод тарьж байна. Эх сурвалж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

1 ... 149 150 151 152 153 154 155 156 157 ... 317