ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ДОТООДДОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ, МӨНГӨН ДЭЭР ТУЙЛЖ БАЙЖЭЭ !!!

Улс төрчдийн хамааралтай компаниудад их хэмжээний зээл олгосон, зээлийг барьцаа хөрөнгөөр баталгаажуулаагүй, олгосон зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгааг тухайн үед нь тогтоож хяналт тавьж ажиллаагүй, зээлийг олгохдоо компанийг бүрэн судлаагүй буюу шаардлага хангахгүй, ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдаагүй төсөлд зээл олгосон зэргээр Хөгжлийн банкны асуудал үргэлжилсээр байна. Энэ дунд банкны удирдлагууд дотооддоо их хэмжээний үр ашиггүй зардал гаргаж, мөнгөн дээр туйлж байсныг аудитын дүгнэлтүүд нотолж байна. Тухайлбал:

- ТУЗ ажиллагсдадаа 1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан /Б.Шинэбаатарын даргалж байсан үе 2012-2015 он/;

- Хүний нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж 62 орон тоог 112 албан хаагч болгосон /2013-2014 он/;

- Банкны үйл ажиллагаа хумигдаж, татан төвлөрүүлэх хөрөнгө болон зээл олголт буурсаар байхад банкны зохион байгуулалтын бүтцийг 4 газар, 3 алба, 13 хэлтэс бүхий 157 орон тоотой байхаар баталсан/2017 он/ ;

- Ажилтнуудад улирал тутам үндсэн цалингийн дунджаар цалингийн 80-100 хувьтай тэнцэх урамшуулал олгож байсан, тухайлбал гүйцэтгэх захирлын сарын цалин 10 сая төгрөг, улирал тутам 10 сая төгрөг урамшуулал/2014 он/;

- 2016 онд татан буулгасан гүйцэтгэх захирлын ажлын албыг байгуулсан;

- Гадаад томилолтод хэмнэлтгүй зардал гаргасан /Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын БНХАУ-д хийсэн албан томилолтын/2013 он/ зочид буудлын төлбөрт 7 сая төгрөг, ОХУ-д хийсэн айлчлалын/2014 он / 3 хоногийн зочид буудлын төлбөрт 12.2 сая, нислэгийн болон бусад төлбөрт 8.2 сая төгрөг зарцуулжээ /;

- Банкны худалдан авалтын 70-90 орчим хувьд шууд гэрээ байгуулж гүйцэтгэгчийг сонгосон;

- Банкны холбогдох журмыг зөрчиж тендер шалгаруулалт зохион байгуулалгүйгээр 3240м.кв үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг 27.6 тэрбумаар буюу зах зээлийн үнэлгээнээс илт давуу үнээр худалдан авсан;

- Дотоод хяналтын үйл ажиллагаа 2 жил орчим хугацаанд ажиллаагүй зэрэг олон асуудлыг дурдаж болохоор байна.

Эх сурвалж: Үндэсний аудитын газрын тайлан 2014, 2019 он

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.