ХӨГЖЛИЙН БАНК НИЙТ 74 УДААГИЙН ЗЭЭЛ ОЛГОСНЫ 53 ХУВЬ НЬ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ БАЙНА

Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлөлгүй “Чанаргүй” зээлийн ангилалд орж, шүүхийн нэхэмжлэл хүлээж авсан 25 компанийн нэрийг олон нийтэд зарласан. 2011 онд банк байгуулагдсанаас хойш 74 удаагийн зээл олгосны 53 хувь нь /зээлийн дүнгээр/ чанаргүй зээлийн ангилалд багтжээ.

Асуудал өндрөө авч, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа 40 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 17,5 тэрбум, Ч.Ундрал 3,6 тэрбумын зээлээ 100 хувь төлж барагдуулжээ. Гэхдээ энэ хоёр хүний зээл Хөгжлийн банкнаас зарласан 26 зээлдэгчийн жагсаалтад байхгүй.

Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг АТГ-т шилжүүлсэн, данс, хөрөнгийг битүүмжилсэн тухай өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Зарим зээлдэгчийг Эрүүгийн цагдаагийн газар “мөнгө угаасан” хэргээр шалгаж эхэлсэн.

Чухамдаа зээлийн асуудлыг өндөр авахуулж, олны анхааралд оруулсан эзэд нь УИХ-ын гишүүд өөрсдөө. УИХ-д шинээр сонгогдсон гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар дундын компаниараа дамжуулж 33,15 тэрбум төгрөгийн зээл авсан. Хүн тус бүрт 11,05 тэрбум төгрөг оногдсон гэсэн үг.

Мөн гишүүн С.Бямбацогт 80,6 тэрбум, гишүүн асан М.Билэгт 51,6 тэрбум, А.Сүхбат 23,5 тэрбум, Б.Элдэв-Очир 28,1 тэрбум, Ц.Гарамжав 112 тэрбум, Б.Ундармаа 75,5 тэрбум... гэх мэтчилэн зээл авчээ. 

Тэгвэл хөгжлийн банкийг тоносон нөхдийг хоёр ангилж болхоор байна.Нэгдүгээрт, албан тушаал, эрх мэдэл, улс төрийн нөлөөгөө ашиглаж, хууль зөрчиж (ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн) зээл авсан УИХ-ын гишүүд, улстөрчид.

Хоёр дахь нь улстөрчидтэй үүсгэсэн холбоо сүлбээгээрээ дамжуулан хууль зөрчиж (зээлийг зориулалт бусаар зарцуулсан) зээл авсан бизнес бүлэглэлүүд...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.