ОЛИМПИЙНАВАРГА Н.ТҮВШИНБАЯРТ 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХООР ЗҮЙЛ АНГИЙГ НЬ ХҮНДРҮҮЛЖЭЭ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад нилээд удаан хугацаа өнгөрлөө.


Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл прокуророос тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл зүйл ангийг нь хүндрүүлэн авч үзсэн байна. Хэрэв тухайн зүйл ангиар Олимпийн аварга Н.Түвшинбаярыг яллавал 5-12 жилийн хорих ял эдлэх юм.


Н.Түвшинбаярт холбогдох тухайн хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.



Ингэснээр магадгүй Монгол түмний хайр хүндлэлийг хүртэж анхны Олимпын аварга хэмээн цоллогдож байсан аварга маань нэлээд удаан хугацааг төмөр торны цаана өнгөрүүлэхэд ойрхон иржээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.