Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНД ХАМРАГДАХ НЬ ТА БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЮМ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.
Тэрбээр "Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн. Халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд бид энгийн амьдралдаа үе шаттайгаар шилжиж байна” гэв.


Вакцинжуулалтын түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад  хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулалтын түр цэг ажиллуулах юм байна. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтойг албаны төлөөлөл хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм гэдгийг онцлоод “Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзууддаа сурч боловсрох эрхийг, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн хариуцлагатай хандаж гурав дахь тунд идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.

18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа гэсэн судалгаа байсан. Ийм учраас их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллууллаа. Вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Вакцины түр цэгтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд оюутан залуустай уулзаж, ярилцлаа.







Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.