НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ “ЗУЗААТГАГЧ” НЬ ЗАМЫН ЦАГДАА НАР ...

Замын цагдаа нар ямар нэг шалтаг эрж хайж байгаад заавал торгоод явуулдагтай санал нийлэхгүй нэг ч жолооч үгүй. Гэвч олны хэрүүл хараалын бай болсоор байдаг замын цагдаа нар бидэнд зүхүүлээд ч болов торгох л ёстой , тийм л үүрэгтэй аж. 

Учир нь зөвхөн Тээврийн цагдаагийн алба жил бүр  20 орчим тэрбум төгрөг иргэдийн халааснаас гаргуулж , төсөв бүрдүүлэх ажил хийдэг гэдгийг нь Нийслэлийн төсвийн тайлангаас харж болно. 2020 онд 20 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж байсан бол 2021 онд дахин 20 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсөвт тусгажээ.

Нийслэлийн 2021 оны төсөвт хотын төсвийн нийт орлого 819 тэрбум төгрөг байхаар баталсан байдгаас хамгийн өндөр дүн буюу 750 тэрбум төгрөгийг Нийслэлийн татварын газар бүрдүүлдэг бол Тээврийн цагдаагийн газар 20 тэрбум төгрөгөөр удаалж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 5.6 сая хүн, 73 мянган аж ахуй нэгж нийт 173 тэрбум төгрөгөөр торгуулжээ. Ингэж нийслэлийн төсөв 173 тэрбум төгрөгийг цуглуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 57 үйлдлийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.Иймд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч таныг онилон замын цагдаа зогсоосон л бол зогсоосны дараагаар тэр 57-н шалтгааны аль нэгийг нь ажил хэрэг болгож , таныг торгоод явуулдаг болж таарах нь ...

Тэгж бид өөрсдийн халааснаасаа торгууль татвар гэхчилэн бүрдүүлж өгсөн төсвөө хотдоо зарцуулдаг боловч хамгийн аюул эрсдэлтэй нийслэлд  , таг түгжирсэн авто зам дээрээ хараалаа урсган халаасаа хоослон амьдарсаар байгаа нь өнөөгийн Улаанбаатарчуудын “ТАВИЛАН” болж таарч байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.