Д.СУМЪЯАБАЗАР, Х.НЯМБААТАР НАР ЯПОНЧУУДЫГ “ГАЗАРЧИЛЖ”, ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЗАРАГДАХ ХУЙВАЛДААНД ОРОЛЦСОН УУ

ХААН банкны хувьцааг Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий хуулийн этгээд худалдаж авсан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байгаа.Тэгвэл Худалдаа хөгжлийн банктай холбогдож байгаа Японы “Метакапитал” компанийн төлөөлөгчид Монгол Улсад ирж, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй уулзалт хийсэн бөгөөд ингэхэд нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар тодорхой үүрэгтэй оролцсон гэх мэдээлэл байна.

ХААН банкны хувьцааны 54.4 хувийг эзэмшдэг “Савада Хольдингс” компанийн 33 хувийг Японы “Упсилон” ХХН худалдаж авах процесс өрнөж байгаа. “Упсилон”-ыг “Метакапитал” ХХК хөрөнгө оруулах замаар үүсгэн байгуулсан. Харин тус компанийг Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр нэрлэж болох тухай мэдээлэл хэлэлцэгдэж байна. Тэгвэл дээр дурдсанчлан “Метакапитал” ХХК-ийн төлөөлөгчид энэ оны эхээр Монголд ирж, улс төрийн хүрээнд уулзалт хийжээ. Харин тус уулзалтуудыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ерөнхийлөн зохион байгуулж ,  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч зарим уулзалтад чиглүүлэх үүргээр оролцсон гэдэг мэдээлэл байна.Энэ хүрээнд тэд хоёрдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ч уулзаж, хууль эрх зүйн тухайд зөвлөгөө авсан гэгдэж байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед Асашёрюү Д.Дагвадорж энэ сэдэвт ихээхэн эгдүүцэл илэрхийлж , хурц байр сууриа илэрхийлсэн.Тэгвэл түүнийг Япон талын улсыг ах Д.Сумъяабазартаа холбож өгөх чиглэлд чухал үүрэгтэй ажилласан гэх мэдээлэл ч мөн байгаа юм.

Мөн нөгөөтэйгүүр тэд буюу Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчид юм.

2019 онд Худалдаа хөгжлийн банк болон “Метакапитал” ХХК–ийн хооронд “Савада Хольдингс” компанийн хувьцааг худалдах гэрээ зурагдсан байж болзошгүй талаар хэвлэлүүд бичиж эхэллээ.

ХААН банкны 36.28 хувийг “Таванбогд  трейд” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийн хамт эзэмшдэг.Тэгвэл Монголбанкнаас Япон талд хандан “Упсилон ХХН-д Савада Хольдингс ХХК-ийн хувьцааг худалдахад ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ” гэж илгээсэн албан бичгийн талаар Ц.Баатарсайхан талын хувьцаа эзэмшигчид бүр аравдугаар сард л мэджээ. Тус албан бичиг долдугаар сарын 26-нд үйлдэгдсэн байдаг.Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн компанийн эцсийн хувьцаа эзэмшигчийг үл нягталж, зөвшөөрсөн агуулгатай албан бичиг үйлдсэн дүр зураг үүнээс харагдана. Үүнийг аравдугаар сард мэдсэн Ц.Баатарсайхан нар Монголбанкийг шүүхэд өгсөн байна.

Харин өдгөө ихээхэн асуудал дагуулах болсон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч болох Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хүмүүс уг ажиллагаанд нэр холбогдож байгаа.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.