"Зүгээр л очоод үз. The Mongol Khan бол гайхалтай бүтээл" хэмээн Англи улс даяар театрын тоймуудыг хүргэдэг TheSpyinthestalls.com сайт "Тамгагүй төр" жүжгийг онцолжээ

БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө таван өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Иймд бид The Mongol Khan (Тамгагүй төр) жүжгийн талаар барууны хэвлэлүүд болоод урлаг судлаачдын гаргасан шүүмж, нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал,Лондон хот болон Их Британи улс даяар театрын тоймуудыг хүргэдэг TheSpyinthestalls.com сайт The Mongol Khan /Тамгагүй төр/ жүжгийг онцолж, "Зүгээр л очоод үз. “Тамгагүй төр” бол гайхалтай бүтээл" хэмээжээ.


Тус нийтлэлд: 

"НҮСЭР ТОМ БҮТЭЭЛ"

“Тамгагүй төр” жүжиг Монголын театрын түүхэнд монгол жүжгийг гадны улс оронд анх удаа тоглож буй түүхэн үйл явдал болон тэмдэглэгдэж буй.

Нэгт, Монголын түүх соёлын тухай сонирхох нь бүү хэл ихэнх Лондончуудын хувьд Монгол өөрөө хаалттай ном хэвээр байна. Монгол Улсын Ардын зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1990-ээд оны сүүлчээр туурвисан “Тамгагүй Төр” бүтээлдээ олон мянган жилийн уламжлал, түүхийг гурван мянган мөрт шүлэгт багтаажээ. Тэрбээр “Би нас эцэслэхдээ эргэж хараад энэ жүжгийг уран зохиолын амьдралынхаа оргил үе гэж үнэлнэ” хэмээсэн нь бий. Энэ ч утгаараа түүний найз, олны танил найруулагч “Херо” Баатар зохиолчийг 2019 онд таалал төгссөний дараа түүний дурсгалд зориулж дахин амилуулсан нь энэ.

Лондонгийн Колизейн гаднах олон хүн цугларсан Гэгээн Мартин гудамжинд зөөлөн бороо орж байна. Бороог ойроос ажвал тэнгэрийн түмэн заадас мэт харагдах нь тунчиг таатай. Торгон хувцастай морьтнууд ёслон зогсож, үзэмж төгөлдөр хувцасласан жүжигчид олны дундуур алхаж байна. Хүн бүр дор бүрнээ баясна.  БНХАУ-ын эрх баригчид Өвөрмонголд уг жүжгийг хориглосоноор барууны ертөнцөд хөл тавьж буй анхны улс нь Их Британи юм.

Найруулагч Баатар уг жүжгийг “эмгэнэлт жүжиг” гэж тодорхойлсон нь миний бодлоор тунчиг даруухан тодорхойлолт юм. Тийм ээ, энэхүү жүжиг нь эмгэнэлтэй бөгөөд гайхалтай боловч жүжгийн цар хүрээ нь маш сүрлэг, далайцтай юм. Гэсэн хэдий ч гүйцэтгэл тун нарийн байгаа нь тод харагдана. Долоон гол дүрийг далан хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг чуулга улам ч баяжуулна. Тэр чигээрээ бүжиг мэт боловч ярьдаг дуурь мэт. Жон Мэн орчуулж, Тимберлейк Вертенбэкер Лондонгийн тайзнаа амилуулан эх хэлээрээ хадмал орчуулгатайгаар толилуулж байна. Зохиол нь хөгжмийн зохиолчийн чадварлаг гарыг хүлээж буй либретто шиг хэмнэлтэй, хэмжүүртэй. Харин Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон хөгжим нь түрэмгийлэл, хөдөлгөөн, оргилсон сэтгэл хөдлөлийн амьсгал, амин судсыг тодруулж өгөх шиг.

"ЖҮЖГИЙГ ТОЛИЛУУЛЖ БУЙ ТАЛБАЙН ӨРГӨН УУДАМ ОРОН ЗАЙ НЬ ОЛОН ДАВХАРГАТ, ЗАРИМДАА БАРАГ ОПТИК ХУУРМАГ МЭТ"

Жүжгийн үйл явдлыг цаг хугацааны хувьд авч үзвэл хоёр мянган жилийн өмнө Төв Азид Хүннү гүрний эхэн үед өрнөдөг. Чингис хаанаас сэдэвлэсэн уран зөгнөлт Арчуг Хаан (Ганболдын Эрдэнэбилэг) болон түүний их хатан Цэцэр (Уртнасангийн Уранчимэг) болон бага хатан Гэрэл (Дөлгөөн Одхүү) хоёул зэрэг нярайлсанаар үйл явдал өрнөнө. Хаан баг хатан Гэрэлийн хүүг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, харин он удаан жил эр эмийн ёс үйлдээгүй учир Их хатны хүүд эргэлзэнэ. Хааны шадар зөвлөх Эгэрэг (Сугарын Болд-Эрдэнэ) Их хатны хүүгийн төрсөн эцэг бөгөөд тэрээр хааныг хүүгийн аав хэмээн итгүүлэхээр оролдох боловч амжилт үл олно. Хаан Бага хатнаас мэндэлсэн хүүг нярайд нь өв залгамжлагчаараа сонгосоноор өөрийн хүүгээ ирээдүйн хаан болгохын тулд цөхрөнгөө барсан Эгэрэг нялх үрсийг нууцаар сольж, хааны удмыг завхруулахаар төлөвлөжээ. Энэхүү жүжиг нь урвалт, тэмцэл, тулаан, хууран мэхлэлт, золиос, хамгийн гол нь өс хонзонгийн тухай түүх юм. Шекспирийг хүртэл гайхшруулах цуст тулаан өрнөж, үйлдэл, үг, бодол санаа, сэдлийг цуст толбо болгоно.

Жүжгийн багийн гол онцлох зүйл нь харагдах өнцөг байлаа. Бүтээлч багаас аль нэгийг нь онцолж хэлэхэд хэтэрхий өргөн хүрээнд байсан бөгөөд хамтын ажиллагаа нь магадгүй хэт давсан байж болох юм.

Хувцасны зураач Очиржанцангийн Болд түүхч, археологичид, зураач, урчуудтай хоёр жилийн хамтран ажиллаж, судалгаа хийн эдгээр хувцсыг бүтээжээ. Үр дүнд нь бид хүннүчүүдийн олон зуун жилийн ертөнцөд умбаж, эрүү унагам үзэмж, үзмэрийг харж гайхширч байна. Бүжгийн урлагаар дамжуулан өөрсдийн соёлыг харуулахын тулд монгол оюун санааг нэвт шингээжээ. Гэхдээ та бүхэн оюуны хүсэл тэмүүллийг хойш нь тавиад зүгээр л үзвэрийг шимтэн үзээрэй. Гоо зүй бүжиг, хөдөлгөөн, хөгжим, яруу найраг, дуу авиа, гэрэл зэрэг нэгдэн оршдог. Тайзны арын хэсэг бол эмх замбараагүй. Гэхдээ энэ нь бидний санаа зовох зүйл биш юм; учир нь ид шид тайзан дээр тохиолдож байна. Жүжигчилж буй орон зай нь өргөн уудам, олон давхаргат бөгөөд заримдаа бараг оптик хуурмаг мэт санагдсан. Та харж чадахгүй байгаа зүйлээ харахын тулд нүдээ дахин төвлөрүүлэн харна.

Гол дүрийн жүжигчид бол гайхалтай, ялангуяа Уранчимэгийн бүтээсэн Их хатны дүр нь эх хүний зөн совин нь хаад угсааны ихэмсэг зантай хэрхэн тэмцэлдэж буйг харуулдаг. Эрдэнэбилэгийн бүтээсэн Арчуг хааны дүр сүр жавхлант эрх мэдэл нь хууран мэхлэлт, үймээн самуун, сэтгэл ханамжгүй байдалд хэрхэн эрсдэлд орж буйг үзүүлнэ. Энэхүү жүжгийн бүжгийн дэглэлт нь метафор, бэлгэдлийн дүрслэлийг сэлэм мэт сийлдэг, хувь заяаны төгсгөлийг нь гаргаж өгдөг, хүсэл тэмүүлэлтэй, цангасан шатаж буй бүтээл юм. 

Зүгээр л очоод үз. Хэрвээ чи намайг сонсохыг хүсэхгүй байгаа бол зүгээр л чихээ өргөн, Колизиумаас гаргах нижигнэсэн алга ташилтыг сонс. “Тамгагүй төр” бол гайхалтай бүтээл. Шекспир Вердигийн холимог дүрслэл. Хөшиг оройтож нээгдэн "Хоцорсонд хүлцэл өчье" гэсэн мэдэгдэл гарч, "Энэ нь касс дээр урьд өмнө хэзээ ч байгаагүй дараалал үүссэнтэй холбоотой" гэж мэдэгдэв. Эдгээр дараалал үргэлжилсээр байх болтугай. Тэгэх ч болов уу гэж таамаглаж байна, та ч бас тэрхүү дараалалд амжиж багтаарай. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.