“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ЗАРЛАСАН ХОЁР ТЕНДЕРТ НЭГ КОМПАНИ ЯЛСАН НЬ “ТОХИРОО” ЮУ

2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, энэ оны наймдугаар сард зарласан  “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялжээ. Баримт нь энэ байна.

Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн Хятадын компанид давуу байдал олгож, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь төрийн бүхий л  хуулийг зөрчихөөс гадна тендерт тавих шаардлагаа ч хангаагүй байна.

ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын “Чайна Металлуржикал Инженеринг” ХХХ   (China Metallurgical Engineering Co., Ltd.), зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давж чадахгүй бүдрэх байсан ч тэднийг хууль бусаар ялуулсан бололтой.

 “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ.Үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн “Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон нь тендерийн журам дүрмээр бол хамгийн бага үнийн саналаар хамгийн чанартайг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ёстой ч өндөр үнэтэй хийж гүйцэтгэхээр саналаа ирүүлснийг нь сонгож, гэрээ байгуулах эрх олгожээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.