ХОРООД ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙНААС ҮЛ ХАМААРАН САЙН ТУРШЛАГАА СОЛИЛЦОХ, ХАРИЛЦАН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын Засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвөөс хороодын албан хаагчдыг чадавхжуулах Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
 ХСАЗ нь практик үр дүнд суурилсан, ижил түвшний байгууллага, албан хаагчид харилцан бие биеэсээ суралцаж, сайн туршлагаа солилцох замаар өөрсдийн чадавхыг бэхжүүлж, тасралтгүй сайжрах, хөгжих арга барил юм.
ХСАЗ нь маш сайн дасан зохицох, хувирах чадвартай аргачлал бөгөөд Харилцан суралцахуй гэдэг бол Монгол Улсын хувьд ижил түвшний орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хоорондоо холбоо тогтоож, сүлжээ үүсгээд, нэгнийхээ сайн туршлагыг давтан хэрэгжүүлж, чадавхаа бэхжүүлж, бодлогын түвшинд эерэг нөлөө үзүүлэхийн тулд хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан суралцах үйл явц билээ. 
ХСАЗ-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Харилцан суралцах арга зүйн цахим систем”-ийн нээлтийн арга хэмжээг онлайнаар зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Азийн сангийн Монгол дах суурин төлөөлөгч Марк Кейниг, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, Хороо хариуцсан мэргэжилтнүүд, 171 хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтнууд болон Сургалт, судалгааны төвийн ажилтан, сургагч багш нар нийт 300 хүн оролцлоо. 
Ийнхүү цахим системийг хөгжүүлснээр хороодын албан хаагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрсдийн сайн туршлагаа хуваалцах, харилцан суралцах болон харилцан суралцах арга зүйн үйл явц бүрийн үр дүнг хэмжих боломжтой болж байна. 
Нийслэлийн хороодын сайн туршлагатай www.manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон танилцана уу. 
Түүнчлэн харилцан суралцах арга зүйг зөвхөн хороодын түвшинд биш салбарын түвшинд хэрэгжүүлэхээр санаачилгууд гарч, өөрсдөө хүсэлтээ гарган Аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагууд, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, Зохион байгуулагч чанар Харилцан суралцах арга зүйн сургалтад танхимаар хамрагдлаа. 









Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.