“БӨМБӨЛӨГ ТЭЭВЭР”-ИЙН АВИЛГЫН ХАНШ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 20.000 ЮАНЬД ХҮРЧЭЭ

Цар тахалтай холбоотойгоор Хятад талаас “Бөмбөлөг тээвэр” хийх санал гаргаж, түүнийг манай тал дэмжин өнгөрсөн 8 дугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь цар тахалтай холбоотойгоор нэг хэсэг жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, өөр бусдадтай хавьталд оруулахгүйгээр вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилготой. Бөмбөлөг тээвэр хэрэгжиж эхлээд удаагүй ч мөнгөний сүлжээ аль хэдийнэ ажиллаад эхэлчихсэн, авлигын үнэлгээ нь ч өндрөөр тогтжээ. Халдвар хамгаалал сахих үүднээс бөмбөлөг тээвэр дотроо цөөн тооны жолоочтой, олон бөмбөлөг тээвэр үүсээд байгаа. Тэр хэрээр хил нэвтрэх дараалал ч урт. 

А бөмбөлөг хилээр нүүрс тээвэрлээд буцаж ирээд дараагийн бөмбөлөг тээврүүд нэвтэрсний дараа нүүрсээ тээвэрлэх эрх үүсэх учиртай. Тэгвэл танил талтай, мөнгө төгрөгтэй компанийн эзэд хяналт тавьж байгаа төрийн албаныханд авлига өгөөд бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур хэдэнтээ оруулж тээвэр хийдэг, мөн жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрс тээвэртээ гаргадаг болжээ.

Тодруулбал А бөмбөлөг нэг сард 3 удаа тээвэр хийсэн байхад зарим бөмбөлөг нэг ч удаа тээвэр хийгээгүй. Зарим жолооч 4-5 удаа тээвэр хийсэн байхад өөр нэг компанийн бөмбөлгийн жолооч нэг ч тээвэрт гарч чадаагүй байна.

 Олон удаа тээвэр хийж байгаа жолооч А бөмбөлгөөс Б бөмбөлөгт шилжээд л тээвэртээ гарчихдаг. Энэ нь цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчихөөс гадна зөвшөөрөлтэй нүүрс тээврийн компаниуд үйлчилгээнд явж чадахгүй, шударга бус байдал ингэж эрх мэдэл , мөнгөний өмнө сөхөрч байгаагийн илрэл болж байгаа аж.

Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах, нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд жолоочоо сэлбэж явуулах ханш өнөөдрийн байдлаар 20.000 юаньд хүрчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.