25 April 2020
10 mins read
159k Views
Дэлхий даяар хэт халалт үргэлжилж, гол мөрөн ширгэж байгаа энэ үед улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн хямралд өртөж байгаа ч нүүрс ухаж мөнгө олоход тохиромжтой ийм сайхан цаг сүүлийн хэдэн арван жилд тохиож байсангүй. ОХУ-ын Украинд хийсэн дайралтаас үүдэлтэй эрчим хүчний зах зээлийн цочролын давлагаа нь дэлхий дахиныг хамгийн бохир түлшнээс улам бүр хамааралтай болгож байна. Эрэлт нэмэгдэж, үнэ нь бүх цаг үеийн дээд цэгт хүрч өсөх тусам томоохон нүүрс үйлдвэрлэгчдийн ашиг орлого өссөөр байна. Түүхий эдийн аварга “Glencore Plc”-ийн мэдээлснээр нүүрсний үндсэн орлого жилийн эхний хагаст бараг 900 хувиар өсөж 8.9 тэрбум ам.долларт хүрсэн нь “Starbucks Corp” болон “Nike Inc”-ийн бүтэн жилийн орлогоос ч илүү байна. Дэлхийн номер нэг нүүрс үйлдвэрлэгч “Coal India Ltd”-ийн ашиг бараг гурав дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоосон бол дэлхийн нүүрсний талаас илүү хувийг үйлдвэрлэдэг Хятадын компаниудын орлого жилийн эхний хагаст хоёр дахин нэмэгдэж, нийтдээ 80 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэрэв илүү их нүүрс олборлож, шатаавал дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс бага байлгах магадлал улам бүр буурна. Банкууд санхүүжилтээ зогсооно гэж амлаж, улс орнууд цахилгаан станцуудаа салгаж дэлхийн удирдагчид нүүрсний хэрэглээг эцэслэн зогсоох хэлэлцээрт ойртсон. Азийн жишиг болох Австралийн Ньюкасл боомт дахь нүүрсний үнэ долоодугаар сард дээд амжилт тогтоожээ. “Glencore”-ийн өндөр ашиг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг дахин 4.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Азийн хамгийн баян хүн Гаутам Аданигийн эзэмшлийн "Adani Enterprises Ltd" компанийн олсон орлого зургаадугаар сарын 30 хүртэл гурван сарын хугацаанд нүүрсний үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр 200 гаруй хувиар өссөн байна. Европт цахилгаан эрчим хүчний үнэ дээд цэгтээ хүрч, хөгжиж буй орнуудын иргэд цахилгаан эрчим хүч импортлох боломжгүйгээс болж өдөр бүр цахилгаан тасарч байна. Энэ сарын эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эрчим хүчний компаниудыг шүүмжилж, гэнэтийн ашгийн татвар авахыг уриалсан юм. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ асар их байгаа хэдий ч нүүрс шатаах нь нийт цахилгаан эрчим хүчний 35 хувийг бүрдүүлэхээс гадна дэлхийн эрчим хүч үйлдвэрлэх гол арга хэвээр байна. Хятадын Засгийн газар энэ онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 300 сая тонноор нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд тус улсын төрийн өмчит томоохон үйлдвэрлэгч ашгийнхаа ачаар хөгжлийн хөрөнгө оруулалтыг талаас илүү хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил Глазго хотод болсон НҮБ-ын бага хурал дээр Хятад, Энэтхэг хоёр хамтран ажиллаж, нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар зогсоох болон үе шаттайгаар буулгахаа мэдэгдсэн. Тухайн үед шатахуун хэр үнэтэй болохыг таамаглах хүн цөөхөн байсан. Жилийн өмнө олон улсын томоохон уул уурхайн компаниуд (Glencore-г эс тооцвол) нүүрснээс бүрэн татгалзаж байсан бөгөөд өчүүхэн өгөөж нь хөрөнгө оруулагчид болон уур амьсгалын идэвхтнүүдийн дарамт шахалтад автаж байв. “Glencore” өөрийн хуучин түнш болох “Anglo” болон “BHP” группээс Колумбын уурхайг худалдаж авсан. “Glencore” өнгөрсөн оны сүүлч үеэр уурхайг бараг л үнэ төлбөргүй авсан гэсэн үг. Энэ оны эхний зургаан сард нэг уурхайгаас хоёр тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нийт нүүрсний бизнесийнхээ орлогоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Шинжээчид болон нүүрсний салбарын удирдлагууд зах зээл хатуу хэвээр байх болно гэж үзэж байгаа тул ашиг орлого өсөх хандлагатай байна. Эх сурвалж : Өглөөний сонин