Ц.МӨНХ-ОРГИЛ: “АЛТАНБУЛАГ”, “ЦАГААННУУР” ЧӨЛӨӨТ БҮСЭЭС СУРГАМЖ АВААГҮЙ ЮУ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Чөлөөт бүс байгуулах нь амаргүй ажил. Өмнө нь “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүс байгуулчхаад түүнээсээ сургамж аваагүй л явна. Өмнөх хоёр чөлөөт бүс яагаад өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна вэ гэхээр улс дотор улс байгуулах цаад санааг нь ойлгож хүлээж авч чадахгүйтэй холбоотой. Тогтоолоо баталчхаад дараа нь хуулиа оруулж ирэх юм байна. Уг нь Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тогтоолтой хамт хуулиа оруулж ирмээр байна. Ажлын хэсгээс асууя өмнөх хоёр чөлөөт бүсээс сургамж авсан зүйл юу байна. Тэнд юу нь болохгүй байна вэ. Бидэнд санхүүгийн том төв байгуулах талаар мөрөөдөж болно. Гэхдээ бодит байдал дээр бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадаагүй учраас Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк байхгүй. Нэг ч гадаадын банкгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ярих нь хоорондоо авцалдахгүй байна. Ядаж эхлээд гадны банктай болмоор байна.

Банкны үйл ажиллагаагаа эрүүлжүүлмээр байна. Гадны банкыг удирдаад зохицуулсныхаа дараа олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулах нь логиктой. Чөлөөт бүсийн ач холбогдол нь өөр хаана ч байхгүй давуу талыг олгох зорилготой. Яг ямар давуу тал олгох нь тодорхойгүй. Жишээ нь Хятадын далайн эрэг дээрх олон чөлөөт бүсийг байгуулахдаа хямдхан ажиллах хүчнээр татсан. Зарим газар нь Дубай шиг өөрсдөө асар их нефт буюу мөнгөн дээр сууж байгаа учраас тэр мөнгийг менежмент хийх багийг бүрдүүлж байна. Казино байгуулах нь их ярвигтай шүү. Монгол шиг жижиг улс дээрээс нь Орос, Хятадын дунд байдаг хоёр хөршийн аль аль нь мөнгө угаах тал дээр хяналтаа гүйцэт тавьж чаддаггүй. Ийм тохиолдолд Монголд казино оруулж ирээд мөнгө угаагаад дэлхийн санхүүгийн системээс таслагдах вий дээ. Казиног дагаж хэдэн төгрөг орж ирэх байх. Үүнийг дагаад ямар сөрөг нөлөөтэй үзүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй. Казино цэвэр, ил тод, мөнгө угаадаггүй бол асуудал алга" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.