ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОМИЛГООД Г.ЭРДЭНЭБАТЫН НЭР ДЭВШҮҮЛЭЛТ МАРГААН ДАГУУЛЖ БАЙНА

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлээд байна. Гэвч эдгээр нэр дэвшүүлэлт, ялангуяа Г.Эрдэнэбатын асуудал олон нийтийн дунд хүчтэй маргаан, эргэлзээ дагуулж эхэллээ.

 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой гэж заасан. Харин Г.Эрдэнэбат өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан гэх асуудал нь энэ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ноцтой асуулт үүсгэж байна.

 

Хэрэв хуульд заасан үндсэн шалгуурыг үл тоон улс төрийн нөлөө бүхий томилгоо хийгдвэл Үндсэн хуулийн манаач байх учиртай байгууллагын нэр хүнд, хараат бус байдалд сэв суух эрсдэлтэй. Өнөөдөр нэг хүний асуудал мэт харагдавч маргааш хууль өөрөө үнэгүйдэх эхлэл болох вий гэсэн болгоомжлол ч гарч байна.

 

Үндсэн хуулийн цэц бол улс төрийн өр төлөөс барагдуулдаг газар биш. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалах хамгийн өндөр институц. Иймээс нэр дэвшигч бүрийг хуульд заасан шалгуураар нь нээлттэй, ил тод үнэлж, олон нийтийн эргэлзээнд бодит хариулт өгөх ёстой. Эс бөгөөс энэ томилгоо "хууль хүн бүрт тэгш үйлчилдэг" гэх зарчимд хамгийн том цохилт болж үлдэх эрсдэлтэй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.