ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОГЧ КОМПАНИУДАД 762 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ СУУТГАН ТООЦНО


Засгийн газраас энэ төслийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төслийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Энэ хуулийн төслийг өргөн барьсан шалтгаан, үндэслэл болон шинэ заалтыг танилцуулъя.

Хуулийн төсөл, боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хууль зүйн үндэслэл

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 12-т “Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна гэжээ. 

Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ.” Гэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсжээ.

Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, бүтээгдэхүүн хуваалтаас Засгийн газарт ногдох тосны орлого болон татвар, төлбөрийг давхардуулахгүй байх замаар хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ ордуудыг илрүүлэх, нөөцийг өсгөх, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай. 

БХГ-ний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурчээ. Гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг юм.

Газрын тосны тухай 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан хуулийн дагуу 1993, 1995, 1997 онуудад байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжуудын өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудал үүсжээ. 

Тухайлбал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд 2013-2024 оныг хамарсан татварын хяналт шалгалтаар нийт 703 тэрбум төгрөгийн акт тавигдсан. 

2013-2020 оныг хамарсан нийгмийн даатгалд нийт 7.3 тэрбум төгрөгийн акт тавигдсан байна. Мөн холбогдох татварын хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2013 оноос 2014 оны Газрын тосны тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох хүртэлх хугацаанд хилээр оруулсан тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, бараа материалд гаалийн тариф, НӨАТ болох 22.2 тэрбум төгрөг (16.6 сая ам.доллар)-ийг төлсөн.

Мөн Тосон-Уул XIX талбайн БХГ-ний 8 дугаар зүйлийн 8.1-д роялти буюу газрын тосны нөөц ашигласны төлбөр нь Засгийн газарт ногдох ашигт газрын тосны хэсэгт багтахаар заасан. 

2014 онд шинэчлэн батлагдсан Газрын тосны тухай хуульд өмнө байгуулагдсан БХГ-үүдийн төлбөр, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтын хувь хэмжээг гэрээнд заасан хувь хэмжээгээр зохицуулахаар тус тус заажээ. Гэвч Үндэсний аудитын газраас Тосон-Уул XIX талбайн 2014-2018 оныг хамарсан аудитаар газрын тосны нөөц ашигласны төлбөр 66.7 тэрбум төгрөгийг нөхөн төлөх акт тавьсан байна. 

“Доншен газрын тос (Монгол)” компанийн хувьд мөн адил шалтгаанаар 2012-2023 оныг хамарсан татварын хяналт шалгалтаар нийт 23.8 тэрбум төгрөгийн акт тавигдсан. Түүхий тос хуваалтын экспортын цэгтэй холбоотой зардлын ангиллын маргаанаас үүдэлтэйгээр Үндэсний аудитын газраас 2014-2022 оныг хамрах хугацаанд хооронд 12.4 тэрбум төгрөгийн албан шаардлага, акт тавьсан.

Цаашид жил бүр энэ төлбөр нэмэгдэн гарахаар байна. 

Мөн Дорнод аймгийн Аудитын газраас Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн “Петрочайна Дачин Тамсаг” компанийг гадаад ажилтны квот хэтрүүлсэн шалтгаанаар 5.3 тэрбум төгрөг нөхөн төлүүлэх акт тавьсан бол Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Бичигт боомт руу түүхий тос тээвэрлэж, байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж 21.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сумын Засаг даргатай байгуулахаар Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасныг үндэслэн Дорнод аймгийн Халх гол, Матад сумдаас нийт 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн.

Эдгээр нөхцөлийн улмаас газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болох нөхцөл үүсжээ. 

“Петрочайна Дачин Тамсаг ХХК” нь БХГ-т Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд нийт 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт (өртөг нөхөгдөх зардал) хийснээс 1.8 тэрбум ам.долларыг өртөгт газрын тосоор нөхөн авч, 2.5 тэрбум ам.долларыг нөхөж авах дутуу байна. 

“Доншен газрын тос (Монгол)” ХХК-ийн хувьд 1997 оны бүтэгдэхүүн хуваах гэрээт талбайд нийт 350.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт (өртөг нөхөгдөх зардал) хийснээс 194.0 сая ам.долларыг өртөгт газрын тосоор нөхөн авч, 156.2 сая ам.долларыг нөхөж авах дутуу байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь холбогдох татваруудаас чөлөөлөгдөнө. Хэрэв Засгийн газрын аль нэг байгууллагаас шаардсаны дагуу төлбөл Засгийн газар нөхөн төлөхөөр зохицуулжээ. 

Эдгээр компани бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаанд нийт 12 сая тонн газрын тос олборлож, 11.5 сая тонн газрын тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтаар улсын төсөвт нийт 3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Сүүлийн гурван жилд буюу 

  • 2023 онд 304 тэрбум төгрөг, 
  • 2024 онд 237 тэрбум төгрөг, 
  • 2025 онд 231 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2026 оны төсвийн хуулиар 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Бүтээгдэхүүн хуваах гэрээний суурь зарчмын дагуу татвар, бүтээгдэхүүн хуваалтын орлого хоёрыг давхардуулахгүйгээр нэгэнт үүссэн актуудын төлбөрийг шийдвэрлэх шаардлага үүсжээ. Актуудын төлбөр нийт 762 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчээ.

Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох татвар, шимтгэл, актын төлбөрийг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан Монгол Улсын Засгийн газрын үүргийн дагуу үе шаттайгаар Монгол Улсын Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт суутган тооцох замаар шийдвэрлэнэ. 

Энэ  зорилгоор 

  • Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, 
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай болон тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго: Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалах, гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг олон улсын гэрээтэй адилтган гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгох

Хуулийн төслөөр дараах харилцааг зохицуулна:

  • 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх холбогдох татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох;
  • шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох;
  •  бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн татвар, нийгмийн даатгал болон аудитын актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах;
  • төрийн байгууллага болон гэрээлэгчийн хоорондын эрх, үүргийн хэрэгжилтийг тодорхой болгох;
  • өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Хууль батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар

1/Өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн эрх зүйн орчны тодорхой, тогтвортой байдлыг хангана;
2/Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжино;
3/Татвар, шимтгэл, төлбөртэй холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулна;
4/Газрын тосны салбарын үйл ажиллагааны тасралтгүй байдал хангагдана;
5/Төр болон хөрөнгө оруулагчийн хоорондын маргаан буурна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нэмэлт зардал үүсгэхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, тооцоог гэрээний нөхцөлд нийцүүлэн үе шаттайгаар зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Эх сурвалж: parliament.mn 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.