НИЙСЛЭЛИЙН МАН ДОТРОО ДАЙНТАЙ: ЭРХ МЭДЛИЙН ТУЛААНЫ ЗОЛИОС НЬ ХОТЫН ТӨСЛҮҮД ҮҮ?

Нийслэлийн удирдлагын түвшинд эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ширүүсч, олон тэрбум төгрөгийн төсөл, бүтээн байгуулалтууд улс төрийн зэвсэг болон хувирчээ.

 

Улс төрийн хүрээнд яригдаж буй мэдээллээр нийслэлийн МАН-ын удирдлагыг Х.Нямбаатараас авах өрсөлдөөн ид өрнөж, үүний нөлөө хотын томоохон төслүүдэд хүртэл тусч эхэлсэн гэх хардлага гарч байна. Үүний нэг жишээ нь Туулын хурдны замын төсөл. Төслийг түр зогсоож, улмаар хотын удирдлагын багийн гишүүдийг хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн нь улс төрийн тохироо юу, эсвэл хууль хяналтын энгийн ажиллагаа юу гэсэн асуултыг дагуулж байна.

 

Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг эхнэрийнхээ дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байж болзошгүй асуудлаар шалгаж буй талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Үүний дараа тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, мөрдөн шалгах ажиллагаанд хамрагдахаа мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар мөн мэдээлэгдсэн.

 

Үүний зэрэгцээ хотын даргын талаас ч улс төрийн хариу алхам хийсэн гэх дүгнэлт улс төрийн хүрээнд өрнөв. НИТХ-ын дарга асан А.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Д.Ихбаярыг олонхын саналаар томилсон. А.Баярыг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалантай ойр улс төрийн хүн гэж үздэг байсан тул энэ өөрчлөлтийг эрх мэдлийн дотоод тэмцлийн үргэлжлэл гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байна.

 

Өнөөдөр нийслэлд бүтээн байгуулалтын төлөө биш, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн илүү хүчтэй өрнөж байгаа дүр зураг харагдаж байна. Харин энэ тэмцлийн бодит хохирогч нь иргэд, хотын хөгжил, удааширсан төслүүд болох вий гэсэн болгоомжлол улам нэмэгдсээр байна.

 

Эрх мэдлийн төлөөх улс төрийн тулаан эцэстээ авлига, албан тушаалын хэрэг, хууль хяналтын байгууллагын хаалга татсан асуудлуудаар өндөрлөж байсан жишээ Монголын улс төрд цөөнгүй. Энэ удаад ч түүх давтагдах эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.