НОГООН АВТОБУСНЫ ДУУЛИАНААС Д.СУМЪЯАБАЗАР "ЦЭВЭР" ҮЛДЭЖ, Ж.СҮХБААТАР ГАНЦААРАА ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ҮҮ?

УИХ-д гурван удаа сонгогдож, салбарын сайдын алба хашиж явсан Д.Сумъяабазар улс төрийн хамгийн том сорилттойгоо хотын даргын суудал дээр нүүр тулсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хүртэл татгалзан нийслэлийн Засаг даргаар томилогдсон тэрбээр албан тушаалдаа орсон эхний өдрөөсөө "дээшилж байна уу, доошилж байна уу" хэмээн эргэлзэж байсан бол удалгүй нийслэлийн түүхэн дэх хамгийн маргаантай төслүүдийн нэг болох ногоон автобусны дуулианы төвд орсон юм.

 

Нийтийн тээврийг шинэчлэх нэрийн дор Солонгосоос ашиглалтаас гарсан автобус худалдан авсан гэх асуудал ил болж, 318 тэрбум төгрөгийн тендер тойрсон ноцтой маргаан дэгдсэн. Энэхүү дуулиан хотын удирдлагын нэр хүндэд хүчтэй цохилт болсон ч улс төрийн хариуцлагын асуудал өнөөдөр хүртэл бүрэн тайлагдаагүй хэвээр байна.

 

Хамгийн анхаарал татсан нь уг асуудлын дараа Д.Сумъяабазар ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаагүй бол, тухайн үед Хот хариуцсан сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар өнөөдөр ч хууль хяналтын байгууллагын шалгалтын төвд үлдсэн явдал юм.

 

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт нийт 27 хүн яллагдагчаар татагдсан бөгөөд тэдний дунд УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан багтаж байна.

 

2024 оны сонгуулийн өмнөхөн Д.Сумъяабазар хотын даргын албан тушаалаа Х.Нямбаатарт шилжүүлэн өгч, улс төрөөс хэсэг хугацаанд хөндийрсөн. Харин ногоон автобусны дуулианы улс төрийн болон хууль эрх зүйн үр дагаврыг өнөөдөр хэн бодитоор үүрч байгаа вэ гэсэн асуулт олон нийтийн дунд хэвээр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.