“60 ТЭРБУМ"-ЫН ДУУТАЙ ХАМТ ХОТЫН УДИРДЛАГА НУРЖ БАЙСАН ТҮҮХ ДАХИН САНАГДАЖ БАЙНА

2016 оны НИТХ-ын сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, 45 суудлын 34-ийг авч эрх мэдлийг бүрэн атгасан. Ингэснээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Су.Батболд нийслэлийн Засаг даргаар томилогдож, хотын удирдлагыг МАН дангаар бүрдүүлсэн юм.

 

Гэвч удалгүй Монголын улс төрийг донсолгосон "60 тэрбум"-ын дуулиан дэгдэж, эрх мэдэл, албан тушаалыг наймаалцах тухай гэх аудио бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн өндөр албан тушаалуудыг мөнгөөр хуваарилах төлөвлөгөөг танилцуулж буй гэх агуулга яригдсан нь иргэдийн бухимдлыг дээд цэгт хүргэсэн.

 

Дуулианы дарамтад орсон Ц.Сандуй НИТХ-ын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Улмаар хэргийг хуулийн байгууллага шалгаж, анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэм буруутайд тооцон дөрвөн жилийн хорих ял оноож, тэд 128 хоног цагдан хоригдсон. Гэвч давж заалдах шатны шүүх эцэст нь уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Ингэснээр нийслэлийн эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл улам ширүүсч, Хотын дарга Су.Батболд ч улс төрийн шахалтын дунд албан тушаалаа өгсөн. Хотын удирдлага дахин дахин солигдож, эцэст нь Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, дараа нь хотын даргын суудал С.Амарсайханд шилжсэн юм.

 

Харин эрх мэдлийн төлөөх энэ бүх өөрчлөлтийн ард нийслэлчүүдэд амласан ажлуудын хувь заяа ямар болов? "Улаанбаатарыг дүүжин тээвэртэй болгоно" гэсэн сүржин амлалт өнөөдрийг хүртэл бодит ажил болоогүй хэвээр. Эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байсан ч иргэдийн хүлээлт, нийслэлийн хөгжил дахиад л хойш тавигдсан нь бодит үнэн хэвээр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.