С.ЭРДЭНЭБАТ: ЦАЛИН ХӨЛСИЙГ ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛЖ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.


МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат : 

- Төрийн албан хаагчдын цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэж байгаа гэж боловч үүнийг далимдуулж нэмэх үзэгдэл байна. Зарим барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Хил гааль, тээвэрлэлт, бэлтгэн нийлүүлэгч, жижиглэнгийн үнэ нэмэгдэж байгаа учраас өмнөх жилтэй харьцуулахад цалингийн 20 хувийг алдчихлаа. Асуудал хаана байгааг сүлжээ бүрд хяналт шалгалт хийх хэрэгтэй байна.

Үндэслэлгүй үнээ нэмж байгаа компаниудын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, бойкотлох эрх ч бидэнд бий. Тиймээс цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай. Хил гаалийн асуудал цэгцэртэл хуулийн хүрээнд үүнийг шийдэх шаардлагатай байна. Үнэ барьж хуучин социализмын үе рүүгээ шилжих нь хэмээн зарим нь шүүмжилж байгаа ч энэ бол онцгой үе, тиймээс үнийг тогтоох, иргэдийн орлогыг нэмэх арга хэмжээ авах шаардлагатай.

ХАОАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ-ыг буцаан олголтыг ч нэмэгдүүлэх саналыг бид дэвшүүлж байна. Засгийн газар нь тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ч өөр бусад зохицуулалтыг давхар авах ёстой.

Мөн зээлийн асуудал бий. Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлэх хүсэлт тавьсан. Эрх мэдэлтэй нь жилийн 3-4 хувийн хүүтэй зээл авдаг, иргэд 15-17 хувийн хүүтэй зээл авч байна. Валютын тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй.

Бидний шаардлага бол улс төрийн шинжтэй зүйл биш МҮЭХ-ноос гаргаж буй эдийн засгийн тэмцэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. гэв


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.