АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР УУ, ЭСВЭЛ ТЭРБУМТНУУДЫН “ҮҮР” ҮҮ?

Монголын уул уурхайн салбарын хувь заяаг атгаж ирсэн Ашигт малтмал, газрын тосны газрын үе үеийн дарга нарын намтрыг сөхвөл улс төр, бизнесийн том сүлжээ, авлигын дуулиан, шүүхийн ял, асар их хөрөнгийн асуудал ээлж дараалан хөвөрдөг. Энэ байгууллага ашигт малтмалын лиценз олгодог учраас эрх мэдэл, мөнгө, нөлөөлөл төвлөрдөг нь нууц биш.

 

Тус газрын анхны дарга Дугарын Жаргалсайхан долоон жил гаруй ажиллахдаа Монголын нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг хамарсан 6000 гаруй хайгуулын лиценз олгосон гэх тоо бий. Өөрөөр хэлбэл, 1997-2023 онд олгогдсон нийт 14 мянган лицензийн бараг тал нь ганцхан түүний үед хуваарилагдсан гэсэн үг.

 

Хамгийн ноцтой нь, төрийн эрх мэдлийг атгаж байсан тэр үедээ өөрийн компаниудаар дамжуулан стратегийн ордуудтай холбоотой бизнесийн сүлжээгээ тэлсэн гэх баримтууд анхаарал татдаг.

 

Сүхбаатар аймаг дахь Стратегийн 16 ордын нэг Төмөртийн овооны цайрын ордыг эзэмшдэг “Цайрт минерал”-ын ард “Металл импэкс” компани, харин түүний эзэмшигч нь Д.Жаргалсайхан гэх мэдээлэл бий. Тэрбээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсоноос ердөө хоёрхон сарын дараа тус ордын лицензийг авч байсан нь ашиг сонирхлын зөрчил байсан уу гэсэн асуултыг өнөөдөр ч дагуулсаар байна.

 

Мөн Тавантолгойн ордын лицензийн анхны эзэмшигчдийн нэг болж, хожим Монголын хамгийн нөлөө бүхий уул уурхайн компаниудын нэг болсон “Энержи ресурс”-ийг байгуулах суурийг тавьсан хүн нь мөн л Д.Жаргалсайхан байжээ.

 

Төрийн лиценз хуваарилдаг өндөр албан тушаалаас стратегийн ордуудын хувь хүртэгч болсон энэ түүх зүгээр нэг тохиолдол уу, эсвэл Монголын баялгийн хуваарилалтын хамгийн маргаантай хуудсуудын нэг үү гэдэг асуулт хариулт нэхсээр байна.

 

Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газрын үе үеийн удирдлагуудын намтрыг сөхөхөд улс төрийн өндөр албан тушаал, томоохон бизнес, авлигын хэрэг, шүүхийн ял ээлжилж харагддаг нь санамсаргүй давхцал уу, эсвэл Монголын газрын баялаг цөөн хүний гар дамжин төвлөрч ирсний бодит дүр зураг уу?

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.