ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБОГДОГЧ НАРЫН ДАРААГИЙН ЭРХМҮҮД БОЛОХ АКТИВ, ПАССИВ ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ АСАН Б.ЧОЙЖИЛЖАЛБУУ БОЛОН “МОНГОЛ ДРАЙ МИЛК” ХХК БУЮУ “АЛТАЙ ГРУПП” ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Х.БАТ-ЭРДЭНЭ НАРЫН ХЭРГИЙГ ХЭРХЭН ШИЙДЭВ?
Хөгжлийн Банктай холбоотой албан тушаалтнуудыг шалгах үүргийг Ерөнхий сайд өгч ажиллын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн бөгөөд чанаргүй зээлдэгч нартай холбоотой хэргийг эхнээс нь ил болгож байгаа. Энэ удаа уншигч та бүхэндээ дараагийн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болох эрхмүүдийн хэргийг хэрхэн шийдсэн талаар хүргэж байна. Хамгийн чухал нь "Монгол драй милк" компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээл чанаргүй ангилалд орж, 49.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа авсан зээлээ хэрхэн, хэзээ төлж дуусах нь тодорхой бус хэвээр байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу, "Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ нартай холбоотой хэргийг хянан хэлэлцэж дараах шийдвэрүүдийг тус тус гаргасан байна. Тухайлбал: Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэр гарчээ. Яллагдагч Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа..” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “.... гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол. Харин яллагдагч "Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.