ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГУРВАН АЙМГИЙН ТАВАН СУМАНД ГАРЛАА
Өчигдөр гурван аймгийн таван суманд хээрийн түймэр гарчээ. Эдгээр түймрийн улмаас 20,000 орчим га талбай шатжээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газар хээрийн түймэр гарч, 1400 га талбай шатжээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 03:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 13:40 цагт унтраасан байна. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Тариалант багийн “Хуурайн даваа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:34 цагт сумын онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 16:35 цагт унтраажээ. Уг гал түймэрт 30 га талбай шатсан аж. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар хээрийн түймэр гарч, 4500 га талбай шатсан байна. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:03 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 19:20 цагт унтраажээ. Уг гал түймэрт 4500 га талбай шатсан байна. Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Үүдийн жаран” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын алба хүлээж авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 21:25 цагт унтраажээ. Уг гал түймэрт 12500 га талбай шатсан байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираан-Эх” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлага 10 дугаар сарын 28-ны өдрийн 15:37 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 18:50 цагт унтраасан байна. Уг гал түймэрт 150 га талбай шатсан аж.