ЭРХ БАРИГЧДЫН ДОТООД ДАХЬ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР Ч ДУУСАХГҮЙ НЬ БОЛОЛТОЙ ...

Шинэ сэргэлтийн бодлого хэмээн уухайлах болсон Л.Оюун-Эрдэнэ 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ахлан орж шалгасан Хөгжлийн банкны асуудлыг сөхөж, намын гишүүдээ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болгочихоод байгаа.

Уг нь шинэ сэргэлтийн бодлогынх нь хөрөнгийн эх үүсвэр Хөгжлийн банк байх байв. Гэвч энэ банкны асуудлаар улстөр хийж эхэлснийг бодоход тэрбээр Оюутолгойг түшиглэн “Рио Тинто”-гоос дэмжлэг авахаар болж гэх хардлагыг төрүүлээд байна.

Сар шинийн дараа, хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус чуулган хуралдуулахаар Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатартай хэлэлцэж энэ үеэрээ Үндсэн хуулийн Цэцэд гаргасан давхар дээлний асуудлыг шуурхайлахаар тохиролцсон байдаг.

Эндээс харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдэл, байр сууриа булаалдсан далд мөргөлдөөн дунд Г.Занданшатар хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага болж дээш тэнгэр хол, дорх газар хатуугийн үнэнийг мэдэрч хэн нэгний нь далласан газарт гүйн хүрч, далайсан газарт нь далд орон явах шиг байна.

Тэд У.Хүрэлсүх 60 тэрбум, ЖДҮ нэрийн дор М.Энхболд тэргүүтэй замын тээгүүдээ цэвэрлэсэн яг тэр арга барилаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, Хөгжлийн банкны асуудлыг чиг барин У.Хүрэлсүх, Сү.Батболдын хүрээллийг шахаж байгаа.

Замын-Үүдийн 6 даргыг баривчилж, лавшруулбал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ч саатуулж болно гэх мессэжийг Сү.Батболдод өгч хөлд нь дөнгө хийсэн гэдэг намын дотоод дахь шуумыг Хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэр баталж байгаа.

Тэрчлэн Хөгжлийн банкны 20 гаруй албан тушаалтныг чөлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн шинэчлэх үүргийг өгсөн явдал нь МАН-д албан тушаалын томилгоо уг үндсээрээ хийгдэхийн илрэл гэчихэд хол зөрөхгүй.

Төрийн өмчит компани болон Хөгжлийн банкны ТУЗ-д бараг бүх төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар бий. Тэднийг бүгдийг шинэчлэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдчихсэн.Л.Оюун-Эрдэнийн шазуур зууж анхааруулсан Төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайд нарын олонх нь М.Энхболд, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын тавиулууд.

Тэгэхээр эрх баригчдын дотоод дахь эрх мэдлийн төлөөх тэмцэл Хөгжлийн банкны хэргээр ч дуусахгүй бөгөөд энэ зөвхөн эхлэл гэчихэд ташаарсан болохгүй биз…

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.