ОЛОН УЛС ОХУ-ЫН SWIFT-Д ХОРИГ ТАВЬСАН НЬ МАНАЙ УЛСЫН ЗАРИМ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ҮҮ?

Өнөөдөр Монголбанкы удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5.1 хувь, инфляцыг 6 хувь дээр нэмэх, хасах хоёр хувьд тогтвортой байна гэж мэдэгдлээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Монгол Улс  Оросын холбооны улсаас нефть бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортолж байгаа бөгөөд. Манай улс нефть бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо олон улсын SWIFT системээр дамжуулан хийдэг. ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн билээ. 

Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн яриа одоогоор байгаа. Тиймээс нефть бүтээгдэхүүн авдаг улсын хувьд боломж гарц гаргалгаа хайж ажиллана. Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй гэж үзэж байгаа. Туркээр дамждаг нэг зам, Беларусаар дамждаг нэг зам тус  тус бий. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй байгаа. Гэхдээ бид бэлтгэлтэй байх хэрэгтэй байна.


Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо/ яг энэ асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна. Хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжуудыг эрэлхийлнэ. Мөн сард хэчнээн хэмжээний төлбөр тооцоо хийгдэж, хэдий хэр бараа бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа талаар нарийвчлан ярина. Мөн шаардлагатай нөөц бэлтгэн ажиллана" гэж мэдээллээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.