НЭГҮҮН МЭДЭЭ
НАЙЗ ОХИНООСОО САЛЖ СЭТГЭЛЭЭР УНАСАН ИРГЭН ӨӨР ДЭЭРЭЭ БЕНЗИН АСГАЖ ШАТААХЫГ ЗАВДЛАА

Дорноговь аймагт энэ сарын 13-ны өдөр /2022.02.13/ 19 настай иргэн О савтай бензин өөр дээрээ асгаж амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна. Тэрээр тус өдөр найз охиноосоо салж сэтгэлээр унасан учир уг үйлдлийг гаргасан хэмээн мэдүүлжээ. Эмнэлэг, цагдаагийн холбогдох алба хаагчид шуурхай арга хэмжээ авч чадсан тул хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.

ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.ГАНБОЛД 3 ХҮНИЙГ ТУШААЛ БУУРУУЛЖ, 12 АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Захирагчийн ажлын албаны дарга 12 хүнийг ажлаас нь чөлөөлж, 3 хүнийг тушаал бууруулан мэргэжилтэн болгожээ. Эдгээр хүмүүс Д.ГАНБОЛД даргын уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн нилээдгүй маргаан үүсээд байгаа аж. Тэрээр өөрийн хамаарал бүхий хүмүүсээр халаа сэлгээ хийн багаа бүрдүүлэхээр ийн улаарч байна уу? гэсэн хардлага байгаа юм. Өөрөө энэхүү асуудлаар тайлбарлахдаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа хэмээв.

ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН “МОНПОЛИМЕНТ” ХХК-ЫГ 2018 ОНД АТГ-ААС ШАЛГАЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал ар араасаа ундарч байгаа билээ. Тэгвэл эдгээр зээлдэгч нарын нэг болох Монполимет” ХХК-д холбогдуулан АТГ-аас 2018 онд Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж улмаар хэрэгсэхгүй болгоод байсан зээлтэй холбоотой хэргийг сэргээн шалгах саналыг прокурорт хүргүүлээд байна. Тухайлбал 2014 онд Хөгжлийн банкнаас “Монполимет” ХХК-д “цементийн үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх 65 сая ам долларын зээлийг авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 112.8 тэрбум байгаа бөгөөд Монголбанкны хяналт шалгалтаар хэвийн бус, анхаарал хандуулах зээлийн ангилалд ороод байгаа бөгөөд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж яагаад хэрэгсэхгүй болгосон талаар хэргийг сэргээн шалгах саналыг прокурорт хүргүүлээд байгаа юм байна.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ДУЛААН, УСНЫ ТӨЛБӨРӨӨ ЦАГТ НЬ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД БҮРТГЭЛ ҮҮСЭХ ҮҮ?

Энэ оны эхний өдрөөс өрхүүд ус, дулаан, хогны мөнгөө иргэд төлж эхэлсэн. Төрөөс зөвхөн цахилгааны төлбөрийг хариуцна. Иймд орон сууцны конторууд өнгөрсөн сарын төлбөрөө нэхэмжилж эхэлжээ. Та эдгээр төлбөрийг цагт нь төлөөгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд таны мэдээллийг бүртгэнэ гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 иргэдэд анхааруулжээ. Энэ талаар Төв банкнаас ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг энэ санд бүртгэх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Гэхдээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, орон сууцны конторууд Төв банктай мэдээлэл солилцох гэрээ байгуулаагүй. Иймд одоогоор ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй хэмээжээ. Тэгэхээр дээрх байгууллагууд гэрээ байгуулан, төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг солилцож эхэлбэл иргэдийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд бүртгэх боломжтой болох юм байна.

ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 18 ЭМЭГТЭЙГЭЭС 29 ХҮҮХЭД ТӨРӨӨД БАЙНА

Улсын хэмжээнд өнгөрөгч онд нийт халдварт өвчний 1.6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний: 38.7 хувийг тэмбүү 32.5 хувийг заг хүйтэн 28.6 хувийг трихомониаз 0.2 хувийг ХДХВ эзэлж байна. Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оныхоос 2938 тохиолдлоор буюу 1.8 дахин буурчээ. 10 мянган хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр: Баянхонгор- 14.5 Сүхбаатар- 12.7 Хөвсгөл- 11.8 Дорнод- 11.1 Улаанбаатар хот- 13.8 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Өнгөрөгч онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 100 мянган амьд төрөлтөд 26.5 байгаа нь өмнөх оныхоос 18-аар буурсан үзүүлэлт болжээ. 2021 онд ХДХВ-ийн 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 327 болж 274 нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 53 хүн нас бараад байна. ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй. Есөн ээж давтан төрсөн . ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай. Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг л одоогоор илрүүлсэн.Уг хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулаад байна. Харин үлдсэн 60 хувь нь халдвар авснаа мэдсэн ч эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар тээж байгаагаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй. Бэлгийн замаар дамжих халдварын эмч мэргэжилтэн дутагдалтай.

ХАХУУЛЬ АВСАН НЭР БҮХИЙ ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр боллоо. Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд шийдвэрлэжээ. Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан бөгөөд үүнд: Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгаж байгаа. Тэгвэл түүнээс хахууль авсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг өчигдөр түдгэлзүүллээ.

ЗГ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛААР БОЛОН, БУСАД 30 ОРЧИМ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудаар хуралдах тов гараад байна. Үүнд: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар болон Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр болон төлөвлөөд байгаа юм.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН-ЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Мөн уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, ариун цэвэр, усан хангамж, дархлаажуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан ярилцаж санал солилцсон юм. Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэлээ .

БОАЖЯ-НЫ АЖИЛЧДАА Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АЖЛААСАА ӨӨРСДИЙН ХҮСЭЛТЭЭР ГАРАХЫГ ШААРДЖЭЭ

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон.Тэрээр өөрийн багаа бүрдүүлэхийн тулд ажилчдаа өөрсдийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардаж дарамталж эхэлсэн байна. Тэрээр“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллана хэмээж байсан. Гэтэл сайдын албан тушаалд томилогдоод сар ч хүрээгүй бай хдаа ийнхүү дээрэнгүй авирлаж боллоо.

ШВЕЙЦАРЫН МУЗЕЙД Б.АЧБАДРАХЫН ӨМССӨН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ МАЛГАЙГ ХАНДИВЛАХААР БОЛЖЭЭ

МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хороо , Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцож. Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрлах ОУОХ-ны Олимпын музейд хандивлахаар болжээ. Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпын музейд хүлээлгэн өгөхөөр тохирсон байна. Юутай ч ОУОХ-ны музейд Монгол үндэсний хувцас тавигдахаар болжээ.

1 ... 259 260 261 262 263 264 265 266 267 ... 314