НЭГҮҮН МЭДЭЭ
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Монгол Улсын шүүх 2021 оны бүтэн жилд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн бол. Давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн 2105 хэрэг, иргэний 2529 хэрэг, захиргааны 722 хэрэг, зөрчлийн 468 хэрэг нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэсэн бол. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал: Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 3136 ялтныг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 604 хүнд холбогдох 580 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 823 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 269 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1299 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан бол. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 1091 хүн, 6 хуулийн этгээдэд холбогдох 1089 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 6953 хүн, 6 хуулийн этгээд хамрагджээ. Хяналтын шатны шүүх 2021 онд эрүүгийн 322 хэрэг, иргэний 1576 хэрэг, захиргааны 145 хэрэг, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53.0 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.

ДУУЛИАНТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙГАА “НВЦ” Ц.БААТАРБИЛЭГИЙН АРД НЭР БҮХИЙ УЛС ТӨРЧИД БАЙГАА ЮУ?

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байгаа. Тэдний дунд “НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг нэр явж ороод байгаа. Тэгвэл түүнийг хорих эсэх асуудлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр /2022.02.21/ хэлэлцэж цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал: “НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд 21 сая ам.долларын зээл авч, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл болох 74 тэрбумын үлдэгдэлтэй байгаа бөгөөд. Тус компани зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг асуудалтайн дээр авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. АТГ-аас 2019 онд Ц.Баатарбилэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тухайн үед хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорих хүртэл арга хэмжээг авч байсан. Тухайн үед түүнд давуу байдал олгон их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг буруутгаж, эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцож байсан юм. Хамгийн хачирхалтай нь "НВЦ" Ц.Баатарбилэгт холбогдох хэрэг араасаа олон улс төрчдийг дагуулж магадгүй байгаа юм байна. Ямартай ч гэсэн үүрэх хариуцлагаа үүрсэн бол одоо авсан зээлээ төлж дуусгах хэрэгтэй байна !!!

УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДАА 5 ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРЭЭР УРАМШУУЛЛАА

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд аймгийн 15 сумын 16 залуу малчин өрхөд 5 ханатай гэр өгч мал сүргээ өсгөн үржүүлэх ажил үйлсэд нь дэмжлэг урамшуулал олголоо. Малчин үе удмаа үргэлжлүүлэн үр хүүхдэдээ нүүдэлчин Монгол уламжлалаа залгамжлуулан яваа залуу малчин өрхүүдийнхээ амьжиргааг дээшлүүлж бодлогоор дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга Р.Сэддорж илэрхийллээ.

“ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗАЛУУ МАЛЧДЫГ CУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Өнөөдөр 15 сумдын залуу малчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч уулзлаа. Мөн малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэх, малчдын хоршооллын тухай, бэлчээрийн ашиглалт хамгаалалт сэдвийн хүрээнд аймгийн ХХААГ-аас мэдээлэл сургалт өглөө. Мөн малчдад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, өрхийн санхүүгээ хэрхэн удирдах зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр сургалт зөвлөгөө өгүүллээ. Ийнхүү нэг өдрийн туршид малчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, малчдад тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонсох арга хэмжээг зохион байгууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫГ “ХӨГЖЛИЙН БАНК’’-ТАЙ ХОЛБООТОЙГООР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 2019 онд Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий "Вестерн холд" ХХК 28 сая ам.долларын зээл аван зээлээ хэвийн үргэлжлүүлэн төлж байгаа ч зээл авахад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

АТГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗАРЛАСАН 66 ЗЭЭЛДЭГЧИЙН МАТЕРИАЛД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ОДООГООР “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН ГЭХ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

АТГ Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий эрхмүүдийн холбогдох хэргийг шалгалт хийж, зээл олголт болон зээлийн зарцуулалтыг судалж ажиллаж эхлээд байгаа билээ. Өнөөдөр “Голомт”-ын Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 141 тэрбум төгрөг. Тус компани “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ил болон далд аргаар ашиглах” төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд зээл авсан ч дөрөв дэх жилдээ төслийн гүйцэтгэлийн хувь дөнгөж 10 хувьтай байгааг шалгалтаар тогтоогоод байна. Төслийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул компаниас зээлийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтын баримт материалыг удаа дараа шаардсан ч ирүүлээгүй тул зээлийг зориулалтын бусаар ашигласан байх магадлалтай гэж үзэж . Уг асуудлаар Д.Баясгаланг хуулийн байгууллага шалгаж эхлээд байна. Мөн Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлийг өөрийн банкаар угаасан байх, зээл авахдаа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай гэж үзэж шалгаж байгаа юм байна. Хөгжлийн банканд хийсэн аудит болон ажлын хэсгийн дүгнэлтээр зээлийг зориулалтын бусаар ашигласан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, зураг төсөл нь ч гараагүй төсөлд зээл олгосон зэрэг олон ноцтой баримтуудыг дурдсан байна. Энэ нь Хөгжлийн банкнаас олгосон зээл бүрийг нягталж шалгах хэрэгтэйг сануулж байна.

ӨРХИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА”-Г ТАНИЛЦУУЛЛАА

Үндэсний статистикийн хороо , Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцууллаа. Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа болоод байгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой уг судалгаа нь Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернет сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернет хэрэглэж байгаа. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьтай гарчээ. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харагдаж байна . Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бөгөөд үүнээс 54.8 хувь нь боловсролгүй иргэд байгаа бол. 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашиглаж цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернет ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернетийг ашигласан байна. Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн: 97.9 хувь нь гар утастай 97,3 хувь нь телевизтэй 80.0 хувь нь интернеттэй 8.1 хувь нь радиотой 9.0 хувь нь суурин утастай 33.3 хувь нь компьютертой гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246,1 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүний 29 хувь нь тоног төхөөрөмж 69,9 хувь нь үйлчилгээ 0.5 хувь нь программ хангамж 0.5 хувь контент 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулсан байгааг Үндэсний статистикийн хороо , Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарсан “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-наас харж болохоор байна.

НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ МЯНГАН ҮХРИЙН ЭВЭР ДОРГИНО ГЭДГИЙН ҮЛГЭР БОЛЖ “ХӨГЖЛИЙН БАНКНЫ” АСУУДАЛ АРААСАА “ТӨРИЙН БАНК”-АА ЧИРЧ ЭХЭЛСЭН ҮҮ???

Хөгжлийн банкны асуудал ид дундаа өрнөж байна өнөөдөр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөгжлийн банкны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхааралд өртөөд байна. Тэрбээр "Хөгжлийн банкны хулгай луйврыг надад наачих гээд хэсэг хүн амиа тавьж байна. Хэдэн хулгайч мөнгө төлж хөлсний гаруудыг хөлсөлж ор үндэсгүй гүтгэлэг тарааж эхэлжээ. Танил технологи, танил хүмүүс. Мөнгө тойрсон, мөнгөөр бүх асуудлыг шийдэж ирсэн нөгөө хэд амиа тавих нь ээ. Хэдэн юм хэлье: Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд Засгийн газрын 2020 оны 4-р сарын 8-ны шийдвэрээр шилжин ирсэн. Түүнээс өмнө Хөгжлийн банк ЗГХЭГ-ын харъяанд байж, тэнд тайлангаа тавьдаг байв. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байхгүй бол болохгүй байна, мэргэжлийн яам хариуцаж, хяналтаа тавьж байхгүй бол болохгүй юм, та үүнийг авч цэгцлээч гэж хэлж тун удалгүй Сангийн яаманд Хөгжлийн банк шилжиж ирсэн юм. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирмэгц Хөгжлийн банкны удирдлагын багийг цогцоор нь өөрчилж, Сангийн яам, Төрийн банкны мэргэжилтнүүдээр бүрдсэн удирдлагын баг тавьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан банкийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Авсан зээлээ төлдөггүй нөхдүүдийг шүүхэд өгөх ажиллагааг энэ баг эхлүүлж, банкийг цэвэрлэж эхэлсэн. Хөгжлийн банкны хулгай, луйврын талаар Сангийн яам АТГ, прокурор гээд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан юм. Хамтын ажиллагааны үр дүнд Хөгжлийн банк шүүх дээр ялалт байгуулж эхэлсэн юм. 2021 оны 1-р сард намайг Сангийн сайдын ажлаа өгсний дараа тун удалгүй Хөгжлийн банкны удирдлагын баг өөрчлөгдөж, нөгөө муу зээл өгч байхад ил далд оролцож байсан зарим нөхөд буцаж ажилдаа орсон байдаг юм. Хөгжлийн банкны далимд Төрийн банкийг ч бас яръя. 2017 оны 11-р сард Сангийн сайдаар томилогдоод 76 захиралтай, “Шинжиан Шинфа”-д өгсөн луйврын зээлээс болоод олон арван тэрбумын алдагдалтай, жижиг сажиг хулгай нүүрэлчихсэн банк хүлээж авсан юм. Тун удалгүй Төрийн банкны удирдлагыг бүгдийг нь сольж 76 захирлыг 32 болгож шинэ бүтцээр ажиллуулж эхэлсэн. Одоо Төрийн банк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. “Шинжиан Шинфа”-ийн луйварт оролцсон хүмүүсийн зарим нь ял авсан, зарим нь ял завшаад явж байна. Хөгжлийн банк тойрсон олон нүгэл нүдээрээ гарна гэдэгт итгэж л байна. Яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй дээ. Баригдана даа баригдана" гэсэн байна. Хөгжлийн банктай холбоотой луйвар 8 булхай ар араасаа ил тод болж байгаагийн нэгээхэн жишээ юм. Хамгийн чухал нь татвар төлөгч нарын мөнгөөр тансаглаад дууссан бол буцаагаад ӨРӨӨ заавал төлөх хэрэгтэй !!!

10 ХҮНИЙГ ОДООГООР ‘’ХӨГЖЛИЙН БАНК’’-ТАЙ ХОЛБОГДУУЛАН ЯЛЛАГДАГЧААР ТАТААД БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-тай холбоотойгоор нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх одоогоор нийт 10 хүнд буюу Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан эдгээр хүмүүст яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад байна. Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон. Н.Мөнхбатад холбогдох шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид дахин татгалзсан. Асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түр хойшилсон. Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т зааснаар гэрчийг дарамталж, сүрдүүлсэн, үндэслэл бүхий баримт байгаа гэсэн үндэслэлээр уг санал ирсэн. Шүүх уг үндэслэл нь тогтоогдоогүй хэмээн үзсэн тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн аж.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙНА

Э нэ онд зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг 700 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 2022 оны нэгдүгээр сард 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр хуваарилсан. Үүнээс 43,3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна. Хоёрдугаар сард 52 тэрбум төгрөг хуваарилсан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 154 өрхөд 12,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. "КОВИД"-н хуулийн хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 26 сарын турш эргэн төлөлт хойшлуулж, 3,4 их наяд төгрөгийн зээл үлдэгдэлтэй байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл 67,2 тэрбум төгрөгийн үндсэн зээл болон 96,1 тэрбум төгрөгийн хүүний төлөлт хойшлуулсан. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг. Сарын дундаж төлөлт 649 мянга төгрөгтэй тэнцэж байна. 2021 онд 17478 сууц ашиглалтад орсноос 14184 нийслэл хотод баригдсан бол 3294 нь орон нутаг ашиглалтад орсон. 2022 онд 95 төслийн 16495 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.

1 ... 258 259 260 261 262 263 264 265 266 ... 317