НЭГҮҮН МЭДЭЭ
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХҮҮХЭД НАС БАРЛАА

Хурдан морины уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж нас баржээ. Сунгааны үеэр унаач хүүхэд мориноосоо унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алджээ. Унаач хүү 14 настай байжээ. Хүүг гэмтсэн даруйд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.

ХОРТ ХАВДРААР ШАНАЛЖ БУЙ Б.ТЭМҮҮЛЭНГИЙН ААВ: ДҮҮГИЙНХЭЭ, АХЫНХАА ТӨЛӨӨ ХОЁР ОХИН МААНЬ ДОНОР БОЛОХ ГЭЭД БЭЛТГЭЛ АЖЛУУДАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүслээ. тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд хандиваа цуглуулж дуустал талбайгаас явахгүй хэмээн хэлж байна. Тэд бал зарахын зэрэгцээ Хараагүйчүүдийн үндэсний төвийнхнөөс илгээсэн давсаар хийсэн сувинерыг зарж байгаа бөгөөд. Тус төвөөс хүүгийн эмчилгээнд зориулж тэдгээр бүтээгдэхүүнээ хандивлажээ. НЭГ СЭТГЭЛ - НЭГ АМЬ " ХАНДИВЫН АЯНД НЭГДЭЖ , ЭНЭХҮҮ ГЭР БҮЛД ТУСЛАХЫГ ХҮСВЭЛ ХААН БАНК 5845426180 Н . БАТЗУЛ ГЭСЭН ДАНСААР ХАНДИВ ӨРГӨХИЙГ НИЙТ МОНГОЛЧУУД БОЛОН ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД ТА БҮХНЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙНА . Тодруулбал: Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн хүүгийн донор болохоор эгч, дүү нь хоёр нь шинжилгээгээ өгөөд, бэлтгэлээ хангаж эхлээд байгаа юм. Б . Тэмүүлэн хүүгийн аав Н . Батзул хэлэхдээ "Бидний та бүхэнд хандаж байгаа шалтгаан нь бидний хайртай хүү Б.Тэмүүлэн 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдартай гэдэг нь оношлогдож өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Монголчууд бидний хэлж заншсанаар хүүхдийн таван нас хүртэл шүт гэдэг үг байдаг. Гэтэл миний хүү тэр насаа эмнэлгийн орон дээр дуртай амттанаа идэж ч чадахгүйгээр эм ууж өнгөрөөсөн байна. Бид бүхэн 2019 оноос хойш энэхүү өвчинтэйгөө тэмцэж байна. Гэсэн хэдий ч 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хяналтын шинжилгээгээр Монголд эмчлэгдэх боломжгүй болсон учраас бид яаралтай Турк улсыг зорих болсон. Эмчилгээний төлбөр 500 гаран сая төгрөгөөр үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Тиймээс Монгол ахан дүүсээсээ туслаач хэмээн хүсэж байна. Өөрсдийн боломж бололцоо, ахан дүүсийн дэмжлэг байгаа хэдий ч их мөнгөний захад хүрч чадахгүй байна. Хүүхдийнхээ ийм байдлыг харахад миний сэтгэл өдөрт хэд нурж байна. Мөн дүүгийнхээ, ахынхаа төлөө хоёр охин маань донор болох гээд бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Аав ээж нь ч гар хүрч үзээгүй хоёр охиндоо мэс хүргэх гэж байгаадаа хэцүү байна. Гэхдээ хүүгээ гаргуунд гаргаж болохгүй. Энэ бүхнийг эцсийг хүртэл тэмцэнэ. Бид байгаа эд хөрөнгөө зараад , ажлын газрын хамт олон , ах дүү хамаатан саднууд дэмжиж байгаа ч тэр их мөнгийг цуглуулахад хугацаа их шаардаж байна . Цаг хугацаа удаж тусам хүүгийн маань биеийн байдал муудаад байна . Та бүхэн минь чадлаараа туслаарай . Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна . Чөмөг шилжүүлэх хагалгааны донор заавал төрсөн ах, эгч дүү байдаг юм байна. Эцэг эх, ялангуяа эцгийн таарах магадлал тун бага байдаг юм байна. Хүү маань сульдсан. Алхаж гишгэж чадахаа байсан. Хэвлий хэсэг нь томорсон. Мөн биеэр нь цусан тууралт үүссэн. Мэдээж хоёрхон настай охиндоо мэс хүргэж ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа. Бидэнд одоо 100 сая төгрөг л байна. 500 сая болгочихвол хүүхдээ аварч чадах нь.Эмнэлгийн зүгээс донор болсон хүнд ямар ч гаж нөлөө байхгүй гэж байгаа. Гэхдээ хүнээс элэг бөөрийг нь авахаар яадаг билээ. Хос чөмгийг нь авахаар яадаг юм байгаа юм мэдэхгүй" гэв. Харин ээж Б . Энхтуяа "Бид хоёр 2013 онд их дээд сургуулиа төгсөөд түүнээс хойш орон нутагтаа ажиллаж, амьдарч нэг ч сар амралгүй улсад ажиллаж, татвар шимтгэлээ төлсөөр ирсэн. Гэтэл өнөөдөр үнэхээр санхүүгийн боломж хүрэхгүй байна. Хамаг юмаа зарсан ч хүрэхгүй байна. Монгол орноос гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гээд бичиг хийгээд өгчихсөн. Ээмэг зүүлт, гэр орноо бүгдийг нь зарсан ч өчүүхэн хэсэг нь л бүрдэж байна. Тиймээс Монголынхоо ард түмнээс сэтгэлийн дэм хүсэж байна. Хүү маань одоо "Би намар сургуульд орно тийм ээ" гээд өдөр бүр ярьдаг. Үнэхээр хүүгээ сургуульд ороод бусдын адил амьдраасай гэж эх хүний хувьд чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний охин ч гэсэн "Би дүүдээ донор болоод эрүүл болгоно" гэж ярьдаг. Бид хоёр зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Цаг хугацаа байдаг бол өдөр шөнөгүй ажиллаад энэ мөнгийг босгомоор байвч өнөөдөр хугацаагүй болчихоод ард түмнээсээ тусламж хүсэж байна. Чин сэтгэлээсээ гуйж байна" хэмээсэн юм. Иймд энэхүү гэр бүлд элэг бүтэн амьдрал, аз жаргал бэлэглэж ард түмэн минь хандивын гараа сунгахыг уриалж байна

БЗД-ИЙН Н.БАЯРМӨНХӨӨР УДИРДУУЛСАН ЗДТГ-ААС 3,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Тухайлбал: БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх болон гурван орлогч даргаар удирдуулсан БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд хэд хэдэн ноцтой алдаа, зөрчил илэрчээ. Тодруулбал санхүүгийн нийт 3 тэрбум 226 сая 704 мянган төгрөгийн зөрчил илэрчээ. БЗД - ийн ЗДТГ төсвийн мөнгөнд хэрхэн үр ашиггүй хандсаныг баримтаар нь үзүүлж байна . Баримт 1. Өнгөрсөн жил БЗД-ийн ЗДТГ албан хаагчдад 55,990,750.00 (тавин таван сая есөн зуун ерэн мянга долоон зуун тавь) төгрөгийн ширээ, сандал, хивс зэргийг худалдан авчээ. Энэ нь Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол 1.4. "... автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх" заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Баримт 2. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 585 сая төгрөгийн санхүүжилт хийж, монгол гэр, хүнсний материал, хоол, нэг удаагийн бээлий, халаад, сургууль цэцэрлэгийн ариутгалын зардалд ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй шууд гэрээ байгуулан олгосон байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Үндэсний аудитын газрын 2021 оны 03/2535 зөвлөмжийг зөрчсөн үйлдэл юм. Магадгүй өөрийн болон танил талын компанид албан тушаалын давуу байдлаа ашиглан худалдан авалт хийж, ашиг хонжоо харсан үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Баримт 3. БЗД өнгөрсөн онд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. Ингэхдээ газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх компанийг мөн л ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулжээ. Тодруулбал 3 аж ахуй нэгжийг газар чөлөөлүүлэхээр шууд сонгож 152 сая 260 мянган төгрөгийг шууд олгосон байна. Энэ нь баримт 2-т тусгагдсан хуулийн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм. Баримт 4. Дотоод албан томилолтоор 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны хооронд ажиллах Цэргийн штабын албан хаагчдад 4,7 сая гаруй төгрөгийг олгосон гэх боловч холбогдох анхан шатны нотлох баримт байхгүй, тушаалаар албан томилолтын хугацаа дууссан, нягтлан бодогч тооцоог бодоогүй урьдчилж гарсан зардлаар тайлагнажээ. Баримт 5. Төсвийн гүйцэтгэлийн тайлангаа 1,2 тэрбум гаруй төгрөгөөр зөрүүлэн тайлагнажээ. Энэ мэт үйлдлүүд нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг холбогдох хуулиуд болон бусад тогтоол, захирамжуудыг зөрчжээ. Төрийн албыг удирдан ажиллахдаа төсвийн мөнгийг гамгүй зарцуулдаг, зарцуулахдаа зүй ёсны хууль, журмыг баримтладаггүй ийм үйллүүдийг таслан зогсоож байж л жинхэнэ хэмнэлт болох учиртай. Тэрнээс биш жийп унахаа болилоо гээд дунд буюу дүүрэг орон нутгийн шатандаа төсвийн мөнгийг дур мэдэн цацаж, тоншиж суудаг байдлыг засахгүй бол бодит хэмнэлт болохгүй л байх шүү эрх баригчдаа .

ЛИФТНИЙ КАМЕРТ БИЧИГДСЭН ШҮҮГЧ НАРТ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА

Шүүхийн Сахилгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий шүүгч нарт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед цугларсан нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдууллаа. Шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРВОЛ ТОРГОХ БУС ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛДАГ БОЛНО

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Эрүүгийн тухай хууль хэрэгжих явцад хэрэгжилтийн явцад гарч ирсэн зарим ял шийтгэлийн бодлогыг хөнгөдөж, чангатгах шаардлагатай байсан. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн бус хорих ял оногдуулдаг байхаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа" хэмээв.

З.МЭНДСАЙХАН: ХОНИНЫ НӨӨЦИЙН МАХЫГ КГ ТУТАМД 250 ТӨГРӨГӨӨР ХЯМДРУУЛАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗГ-ЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ГАРГАНА

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох, үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ. Нийт 25 орчим тэрбум төгрөгийн хүү гаргана. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно. Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийн мах бол 70 хувь хонь, ямааны мах байгаа. Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3600 тонн, хонины мах 6800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байна. Зах зээлд үхрийн мах 8900 төгрөг, хонины мах 8300 төгрөг, ямааны мах 7100 төгрөгөөр борлуулагдаж байна. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө гаргаж, мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн. Харин нөөцийн мах бэлдсэн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Нийтдээ 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна гэсэн. Ингэхээр нөөцийн хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна. Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниуд борлуулж буй хонины гулууз махны үнэ 7750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах гэдгийг мэдээлэх байна. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” хэмээв.

ЗАСГИЙН ГАЗАР: ДАРХАНЫ ЗАМЫГ ДУУСГАХАД ЦЭРГҮҮДИЙГ НЭМЖ АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар болжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА

Манай улс сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээгүй. Энэ жил хүүхдийн баярыг нэгдсэн арга хэмжээгээр төв төлбайд зохион байгуулах хотын даргын захирамж гарсан байна. Захирамжид: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгоод буй.

Тавдугаар сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэгт 2019 оноос хойш ЭМД тасралтгүй төлсөн иргэд хамрагдана

Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв. Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан. Тушаалын гол онцлог нь Монгол Улсын бүх иргэн үзлэг шинжилгээнд насны бүлгээрээ хамрагдах боломжтой. Өмнө нь зөвхөн 18-аас дээш насны иргэд хамрагддаг байсан. Түүнчлэн үзлэг оношилгооны нэр төрөл нэмэгдсэн. Энэ нь хүн амын өнөөгийн өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой. Тухайлбал хавдрын өвчлөл 6,000 гаруй оношлогдсоноос 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. 60 орчим хувь нь тав хүртэлх жилийн дотор нас барж байна гэсэн статистик байгаа. Иймээс үзлэг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлнэ. Дундаж наслалт уртсаж, амьдралын чанар нэмэгдэнэ. Эрүүл иргэн манай улсын үндэсний баялаг гэдэг анхаарах асуудал болж байна. Үзлэг шинжилгээ зохион байгуулахаар орон нутагт бэлтгэл ажил явагдаж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт эрүүл мэндийг дэмжих төв нээгдэж байна. Иргэдийн аль насны хүмүүсийг эхэлж шинжилгээнд хамруулах зэрэг зохион байгуулалтын ажлыг орон нутаг хариуцна. Хүн амын нягтрал, тоног төхөөрөмж, эмч ажилчдын хангамжаас шалтгаалаад эрт илрүүлэг үзлэг шинжилгээ харилцан адилгүй зохион байгуулагдана. Уг үзлэгт 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн иргэд хамрагдах боломжтой" гэлээ.

ГХЯ:ДУЛААНЫ АРГААР БОЛОВСРУУЛСАН МАХЫГ БНХАУ РУУ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлжээ. Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна гэж ГХЯ-наас мэдээллээ .

1 ... 227 228 229 230 231 232 233 234 235 ... 327