НЭГҮҮН МЭДЭЭ
ХОВД АЙМАГ ИРЭХ 10 ЖИЛД 20 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн газар тариалах эрхлэгчид, идэвхтэн, байгаль хамгаалагчид, ойн аж ахуй эрхлэгчид чууллаа. Нэгдсэн чуулганаар Ховд аймагт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгааны үр дүн, сургамж зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулах томоохон хувь нэмэр бөгөөд экосистемээ сэргээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг хэлэв. Мөн үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхдээ автозамыг элсний нүүдлээс хамгаалах, ажлын байх нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр бусад салбартайгаа уялдуулах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж, жимс, жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал жил бүр 3,000 га-гаас дээш талбайн 80 хувьд нь улиас, бургас, хайлаас, шар хуайс зэрэг мод, 1 0 хувьд нь жимс, жимсгэнэ, 10 хувьд нь төрөл бүрийн ногоо, бут сөөг, малын тэжээлийн ургамал тарих юм. Сум бүр жилд гурваас доошгүй га талбайд мод тарьж, усалгааг цогцоор нь шийдвэрлэн, тус бүр хоёр га мод үржүүлгийн талбайтай болох зорилт тавьжээ. Аймаг жил бүр 50-иас доошгүй хүнийг сургаж бэлтгэх, шон, төмөр тор, бордооны жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, худаг, хөв цөөрөм байгуулах, тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгасан байна. Ховдчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуусыг түлхүү татан оролцуулах чиглэлд анхаарна гэдэгт итгэж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хэлэв. Ховд аймаг ойн сав бүхий газарт нөхөн сэргээлт хийх, үр тарих 40 мянган га газрын нөөцтэй. Мөн Их говийн дархан цаазат газрын Б бүсэд заган ойг нөхөн сэргээх, заг тарих 100-аас дээш газар, газар тариалангийн салбарт хуримтлуулсан туршлага, ажиллах хүчний нөөц байгааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав илтгэлдээ дурдав. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Цаашид үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэгдсэн төлөвлөгөө, хэрэгжүүлэх замын зургийг гаргах юм.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭРХ ХӨГЦ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ

Хүнсний бүтээгдэхүүн дээр үүссэн ямар ч хөгц аминд аюултай болохыг хор судлаачид анхааруулж байна. Мөөгөнцөр нь харшлын урвал өдөөж, хордуулах аюултай байдаг. Ялангуяа хар болон шар өнгөтэй хөгц хүнд эмгэг үүсгэх аюултай аж. Шар болон хар хөгц гол төлөв талх, мах, бяслаг, самарт үүсдэг байна. Ингэхдээ мөөгөнцөр бүтээгдэхүүнийг бүхэлд нь хордуулдаг тул уушги гэмтээх, хордлогод оруулах, улмаар үхэлд хүргэх аюултай. Ялангуяа самрын нухаш болон самарт үүссэн хөгц хамгийн аюултай гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.Ийм төрлийн бүтээгдэхүүнд хамгийн хортой мөөгөнцөр үүсдэг байна. Хөгцөрсөн махан бүтээгдэхүүнийг мөн маш аюултай гэж үздэг байна. Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хөгцөөс цэвэрлээд нэмэргүй. Хэрэв талх хөгцөрсөн үнэртэй болсон бол мөөгөнцөр бүрэн тархсаныг илтгэдэг. Тиймээс ямар ч тохиолдолд идэж болохгүй гэж хор судлаачид анхааруулжээ.

500МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ХАГАС САРЫН ХУГАЦААНД ЭКСПОРТОЛЖЭЭ

Энэ сарын 1-7-ны өдрүүдэд манай улс авто замаар 1,883 чингэлэг, төмөр замаар 150 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс хойш экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 2,740.0 мянган тонн болжээ. Гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортод гаргаснаар, оны эхнээс нийт 2,208.2 мянган тонн нүүрс экспортлосон. Ингээд энэ сарын 7-ныг хүртэлх сүүлийн 14 хоногийн хугацаанд 500 мянган тонн нүүрс экспортод нэмж гаргажээ.

ЗАСГИЙН ГАЗРААС ХАА-Г ДЭМЖИХ ЗОРИЛГООР 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Засгийн газраас ХАА-г дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ. Тодруулбал: -Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөгийн, -Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн, -Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаатай, -Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож байна.

АТГ-ААС АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 52 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Тодруулбал: АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 324 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, улмаар 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа бөгөөд. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 4,5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

Тодруулбал : Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:44 цагт цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ .

"ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ" ТӨСЛИЙН БАКАЛАВРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл Боловсрол, шинжлэх ухааны яаманд 9 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийн хамгийн том хөтөлбөр болох Бакалаврын хамтарсан хөтөлбөр нь инженер, технологийн өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөц бэлтгэх, бакалаврын хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, багшийн сургалт, судалгааны агуулгыг сайжруулах, бэхжүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсад инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн Монгол дахь сургалтын үйл ажиллагаа дууссантай холбогдуулан “Бакалаврын хамтарсан хөтөлбөр” –ийн хэрэгжилт, үзүүлэх нөлөө дэмжлэг, хэрэгжилтийн үр дүнг нэгтгэн дүгнэх, нийтэд түгээх, хөтөлбөр шинэчлэлтийн ажлын 2 дугаар үе шат болох ШУТИС-ийн инженер бэлтгэдэг 30 хүртэлх хөтөлбөрийг хэрхэн хөгжүүлэх ажлын бэлтгэл хангахад оршино. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 80 сая орчим төгрөгийн үнэ бүхий ном, сурах бичиг, гарын авлага, 4 салбар сургуульд 11,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 107 нэр төрлийн 1434 ширхэг сургалтын тоног төхөөрөмж, лаборатори хүлээлгэн өгч, тус сургуулийн өндөр мэдлэг, ур чадвартай орчин үеийн шинэ технологи, лабораторид сурган бэлтгэгдсэн оюутнуудыг төгсгөн гаргасан билээ.

МАЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Хүний эрхийн боловсрол, өөртөө туслах бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхижуулах төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ нь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан 2019 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн мянгат малчин ихтэй нийт 12 суманд хэрэгжиж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,Хүний эрхийн идэвхтэн Ш.Ариунаа сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, "Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийг чадавхижуулах сургалт явуулж, 113 хүнийг хамрууллаа.Туслах малчдын хүний эрх, нийгэм эдийн засгийн асуудлаар судалгаа хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад мөн тодорхой санал өглөө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн ажил хэсэг завсарласан ч Туслах малчдад хүний эрхийн сургалт явуулах, Эзэн малчдад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын таниулан сурталчлах ажил эхэллээ.Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэж ярьж байна.Төслийн багийнхан энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан,Баяндэлгэр,Түвшинширээ,Хэнтий аймгийн Галшир,Батноров,Өмнөдэлгэр сумуудад ажиллаж байна.

ЗАЛУУСЫН ЖАГСААЛ 5 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт /2022.4.07/ эхэлсэн. Тэдний зүгээс үнийн өсөлтийг бууруулахад арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх Засгийн газар ажлаа хиисэн шиг хийж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан. Тэгвэл өнөөдөр залуусын төлөөлөл төв талбайд тав дахь өдрөө жагсаалыг үргэлжлүүлж, төр засгийн дорвитой шийдвэрийг хүлээсээр. Өнөөдрийн жагсаалд "Ирээдүй чинь энд байна, та нар хаана байна", "Шийдвэр хүлээсээр үр дүн хаана байна", "Бид үзэл бодлоо худалдахгүй" хэмээх лоозонгууд барьжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАГНЫ ЗАЙ ЗАЛГИСАН БАГА НАСНЫ ХҮҮХЭД АМИА АЛДЛАА

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна бага насны хүүхэд нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, дөрвөн настай эрэгтэй хүүхэд нас барсан байсан аж. Хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоохоор цогцсыг задлан шинжилгээнд оруулахад, хүүгийн мөгөөрсөн хоолой цоорсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Талийгаач хүү хагас жилийн өмнө цагны зай залгисны улмаас өвдөж, улаан хоолойн мэс засалд ороод байсан ажээ. Зайн дотор химийн түлэгч бодисууд агуулагдсан байдаг бөгөөд залгисан тохиолдолд улаан хоолойн ханыг үрэвсүүлж, шархлуулах ба хоол идэхэд өвдөлт өгч, халууруулж эхэлдэг. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд хүүхдийн амь насанд хүрэх хүртэл аюултай

1 ... 224 225 226 227 228 229 230 231 232 ... 317