НЭГҮҮН МЭДЭЭ
НАРИЙН БООВ, ТАЛХНЫ ҮНЭ 50 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Гурилан бүтээгдэхүүн буюу иргэдийн өдөр тутмын хэрэглээний хүнс болох талх, нарийн боовны үнэ 35-50%-иар нэмэгджээ. Тухайлбал, "Атар өргөө" ХК өнгөрсөн есдүгээр сарын 23-нд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг шинэчилсэн байна. Энэ жагсаалтаас харахад 1600 төгрөгөөр худалдаалагдаж байсан "Атар" талх 2300 төгрөг болжээ. Гурилан бүтээгдэхүүний үнэ ийн нэмэгдэх болсон нь тариалан эрхлэгчдээс Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмсэнтэй холбоотой. Үүний улмаас улс даяар гурилын үнэ килограмм тутамдаа 100-485 төгрөгөөр өсөж , улмаар гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

Д.САРАНГЭРЭЛ: ЯАМНЫХНЫ ХЭЛДГЭЭР “УЛНЫ АЙЛ” БУЮУ ЯДУУ АЙЛ ӨРХҮҮДЭЭС ҮСЧНИЙ СУРГАЛТАД СУУЛГАЖ, САМ СЭНСИЙГ НЬ ҮНЭГҮЙ ӨГНӨ

Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн хэлэхдээ: "Амжиргааны түвшин доогуур буюу ядуу өрхүүдээс хөдөлмөрийн насны 18-55 насны иргэдийг сонгож үсчний мэргэжил эзэмшүүлэх хоёр сарын сургалтад суулгана. Ингээд суралцсаных нь дараа тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх бодис, будаг, материалыг нь авч өгнө. Хоёр жилийн хугацаанд тухайн иргэний ар гэрийг харж үзнэ. Улмаар тухайн иргэн хөдөлмөр хийх боломжтой болно. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас эхлүүлнэ"гэв.

МАНАЙ УЛСЫН ИРГЭНИЙГ АЛХААР ЦОХИН ГЭМТЭЭСЭН ОХУ-ЫН ИРГЭН 461-Р АНГИД ХОРИГДОЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн нэгэн байранд МУ-н иргэн Г ОХУ-ын иргэн Д-д зодуулж, хүнд шархтай ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг гарсан байдаг. Тодруулбал, энэ сарын 22-23-нд шилжих шөнө Монгол улсын хилээр нэвтэрсэн Д нь хил дээр танилцсан МУ-ын иргэн “А”-тай танилцаж, гэрт түрээс төлж амьдархаар тохиролцон ирсэн байна. Тэд иргэн А-гийн гэрт хамтдаа архидан согтуурч байх үедээ маргалдаж улмаар ОХУ-ын иргэн Д нь хохирогчийн толгойн тус газар алхаар цохиж хүнд гэмтэл учруулсан аж. Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн ОХУ-ын иргэн Д нь одоогоор ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулаад байгаа юм. Мөн хэрэг гарсан байрыг цагдаагийнхан битүүмжилжээ. Харин МУ-ын иргэн Г-ын биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр Г-ын нүүр бүхэлдээ гэмтсэн, нэг нүд нь бяцарч сохорсон байна. ГССҮТ-ийн эмч нар “маш хүнд” гэдгийг ар гэрийнхэнд нь анхааруулсан байна. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал хүнд хэвээр байна.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОД БҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

“Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд давхардсан 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлжээ. Үүнд нийт 1,8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь улсын нийт төсвийн 16 хувийг эзэлж байна. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар: Удахгүй намрын чуулганаар төсөв хэлэлцэж, хуулиа батална. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харна. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно гэлээ.

ГАДНАХ ХАЙРЦГАА СОЛИОД ҮНЭЭ НУГАЛЖЭЭ

Манай улсад ам.долларын ханшийн өөрчлөлтөөс үүдэн бараа бүтээгдхүүний үнийн өсөлт асар хурдацтайгаар өсч буй. Үүнтэй холбоотойгоор гадаадаас бараа нийлүүлэгч компаниуд шууд үнээ нэмэхээс татгалзан, гаднах сав баглаа боодлыг сольсон болоод тухайн бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж эхэлсэн байна. Нэг талаас энэ нь “башир” арга мэт харагдавч, нөгөө талдаа нэр нүүрээ бодсон монголчуудын нэрэлхүү занг илтгэсэн мэт. Тухайлбал: McVitie’s Digestive хэмээх энэхүү жигнэмэг нь улаан өнгийн хайрцагтай байхдаа 4500 орчим төгрөгөөр зарагдаж байсан. Харин гаднах хайрцгаа солиод үнээ нэг нугалж, 9500 төгрөгөөр зах зээлд худалдаалж эхэлсэн байна. Иймэрхүү тансаг хэрэглээний амттан ч яахав, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн дээр иймэрхүү зарчмаар үнээ нэммээргүй байна аа.

“МОНГОЛИАН ЭЙРВЕЙС’’ КОМПАНИЙН НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЛОО

“Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр үдээс өмнө осолджээ. Зарим эх сурвалж “Уг нисдэг тэрэг ослын буулт хийгээгүй. Осолдсон гэж хэлэхэд ч болно. Улаанбаатараас хөөрөөд Аргалант сумын нутаг дахь бөөгийн хөшөөний орчимд тариан талбайд нисдэг тэрэг осолдсон. Ийм байдалд орсон агаарын хөлгийг дахиж ашиглах боломжгүй болдог учраас осолдсон гэж хэлж байгаа юм” хэмээлээ. Харин твиттер дэх “The Юүхүү” хаягтай хэрэглэгчийн нийтэлсэн эл зургаас үзэхэд ослын буулт биш, осолдож, дахин ашиглах боломжгүй болсон нь тодорхой харагдаж байна. Нийслэлээс Өвөрхангай аймгийн чиглэлд нисэж байсан эл нисдэг тэргэнд дөрвөн хүн зорчиж явсан гэнэ. Нисдэг тэрэгний сэнс гацсанаас ослын буулт хийсэн, нисгэгч болон зорчигчид гэмтэж бэртээгүй гэж цагдаагийн байгууллагынхан мэдээлсэн юм. Цагдаагийн болон ЗТХЯ-ны харьяанд байдаг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаныхан тухайн газарт ажиллаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор үзлэг хийсэн байна. Уг нисдэг тэргээр Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь нисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан гэх мэдээлэл бий. “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан, түүний ах, дүү нарын нэг нь захирлаар нь ажилладаг “Монголиан эйрвейс” ХХК-ийн агаарын хөлгүүд нэг бус удаа зөрчил гаргаж байсан билээ.

Ч.МӨНХБАЯРТ ОНООСОН 10 ЖИЛИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 20, 21-нд хэргийг төрийн болон албаны нууцтай холбоотой үндэслэлээр хаалттай хянан хэлэлцлээ. Уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 28-нд хэлэлцээд гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.Шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар давж заалдах гомдолдоо “Тагнуулын байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” хэмээсэн ч тэр нь үндэслэл бүхий байгаагүй учраас тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр анхан шатны шүүхээс Ч.Мөнхбаярт оноосон ял гэм бурууд нь тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.

УЛСЫН БҮРТГЭГЧ НАР ХУУЛЬ ЗӨРЧСӨӨР

Улсын бүртгэлийн байгууллагын зарим бүртгэгч, албан тушаалтны хууль зөрчсөн хуумгай үйлдлээс болж тухайн салбарт ажиллаж буй нийт ажилтны нэр хүнд сэвтэж байна. УБЕГ-ын харьяа нийслэлийн дүүргүүд дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нараас цөөнгүй хүн эрүүгийн хэрэгт холбогдож, АТГ-ын үүдийг сахиж, зарим шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр болоод буй юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нарыг АН-ын тамга, тэмдэгтэй холбоотой үйлдэлд шалгаж эхэлсэн хэмээн мэдээлээд буй. Түүнчлэн “Алтандорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд, гэргий Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг хууль бусаар хийсэн байж болзошгүй үйлдэлд тус газрын ажилтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл улсын бүртгэгч нартай холбоотой өөр цөөнгүй хууль бус үйлдлийг АТГ-ынхан шалгасан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Золзаяа нь УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, хийх ёсгүй үйлдэл хийснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тэрбээр хэрэг нь шүүх, прокурорын байгууллагад шилжсэнтэй холбоотойгоос уу, өөр шалтгаан байсан уу, ажлаасаа түр гарсан гэнэ. Тодруулбал, БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэн энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлэг бөглөж өгсөн аж. Уг нь Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд зааснаар Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргахаар заасан байдаг. Харин Б.Золзаяа нь уг заалтыг зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан хэрэгт холбогджээ. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нь л энэ аж. Түүнээс биш өөр үйлдлүүд ч байж болзошгүй гэх мэдээлэл бий. Ийм байдлаар гадаад паспортын олон материал авч, олгосон байж болзошгүй гэсэн хардлага байдаг юм билээ. 2017 оноос Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллахдаа дандаа гадаад паспортын бүртгэл хийсэн нь өөр ийм хэрэг өдүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулдаг аж. Гадаад паспорт бүртгэж, олгодог албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд 60 хоногийн дотор нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ган-Утас, хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Энхчимэг нар Монгол Улсад байхгүй В.Алтангэрэл гэх хүний гадаад паспорт гаргуулах хүсэлтийг авч, олгосон хэрэгт холбогдсон юм. Уг хоёр ажилтанд прокуророос албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Дээрх бүртгэгч нараас гадна саяхан УБЕГ-таа шилжин албан тушаалд томилогдсон Мөнхтогтох гэдэг хүнтэй холбоотой үйлдлийг АТГ-ынхан шалгаж байна. Баянгол дүүргийн нутаг, Гандангийн дэнж орчмын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг зам барина хэмээн улсын мэдэлд авч, өмчлөгч иргэнд нь нөхөн олговор өгсөн аж. Гэвч зам бариад үлдсэн хэсэг нь эзэнгүй болмогц дээрх Мөнхтогтох гэх албан тушаалтан гэрчилгээ гарган зарсан, мөн хээл хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгуулж буй юм билээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:”UPPER HOUSE RESIDENCE’’-Д ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВБАЛ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРАХГҮЙ !!!

Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах таны харж байгаа энэ барилга бол “Global residence нэртэй орон сууцны хотхон. Харин газрын зөвшөөрөл нь “Аялал жуулчлалын цогцолбор, сургалтын төв гэсэн зориулалтаар гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт орон сууц барих зөвшөөрөл олгодоггүй. Гэсэн ч аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг төслөө батлуулаад өдгөө 20 давхар 98 айлын орон сууц баригджээ. Та бидний бурхантай хөшөөний хажуууханд ч гэсэн мөн л ийм жишгээр барилга баригдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах “Upper House residence” ч гэсэн мөн л аялал жуулчлалын зориулалтаар газраа аваад орон сууц болсон. Одоо ашиглалтад оруулаад өндөр зэрэглэлийн орон сууцаа иргэдэд худалдаалаад эхэлжээ. Хэдийгээр тус барилгуудыг улсын комисс хүлээж авсан ч оршин суугчид нь байрны ордер буюу Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй байгаа. Учир нь тус барилга орон сууцны зориулалттай бус “Аялал жуулчлалын цогцолбор” барих зөвшөөрөлтэй байгаатай холбоотой. Тиймээс газрын зөвшөөрлийг өөрчлөх хүртэл иргэд байрны гэрчилгээгээ авах боломжгүй. Барилгыг барьсан Бату констракшн нэг бол газрын зориулалтыг өөрчилж, орон сууц болгохгүй л бол тус байрны оршин суугчид хэзээ ч гэрчилгээгээ авч чадахгүй. Хамгийн ноцтой нь дээрх “хууль бус” хоёр орон сууцны барилгын ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, хүүтэйгээ хамт байгаа гэх мэдээлэл бий. Тэд эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглан ийнхүү орон сууц барьж түрийвчээ түнтийлгээд амжсан аж. Тэгвэл газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хяналт шалгалт хийх эрх нь МХЕГ-т, АТГ-т хандах эрх нь БОАЖ-ийн сайдад бий. Төрийн албанд байгаа баримт бичгүүдээр бол Зайсанд аялал жуулчлалын зориулалттай цогцолборууд баригдах ёстой байсан ч өнөөдөр бол битүү орон сууц болсон билээ. Өөрөөр хэлбэл Зайсанд зөвхөн цаасан дээр л аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэсэн, харин бодит байдал дээр битүү LUXURY орон сууцнууд л харагдаж байгааг олон нийт харж байгаа. Тиймээс газрыг зориулaлтын бусаар ашиглаж байгаа энэ үйлдэлд МХЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхаарч, хууль хяналтын байгууллагад хандах эсэхийг бид дараагийн цувралд хөндөх болно. Мөн дараагийн цувралуудаар бид энэхүү орон сууц, газрын маргааны улмаас Гадаадын болон дотоодын Хөрөнгө оруулагч иргэд хэрхэн хохирч байгаа талаар болон хэргийн эзэн Бату Констракшны ард МАН-ын нөлөө бүхий эрхэм, дэд сайдын албан тушаалтай хүүгийнхээ хамт байгаа талаар баримттайгаар хүргэсээр байх болно. А.Баярмаа

ЭХЭМҮТ-Д ТӨРСӨН ЭЭЖ ГЭРЭЭСЭЭ ШӨЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийнхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог. Иймээс ЭХЭМҮТ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ. Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө гэв. Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авна.

1 ... 155 156 157 158 159 160 161 162 163 ... 317