МАН, АН-ААС НИЙСЛЭЛИЙН ТОЙРОГТ НЭР ДЭВШИЖ БУЙ 48 КАНДИДАТ
Улаанбаатарт нэр дэвших нь орон нутагтай харьцуулахад сурталчилгааны зардлаар бага тусах ч сонгогчдын боловсрол, хандлага арай хэрсүү. Өөр болж, өөрчлөгдсөөр .. . Тэгэхээр магад хамгийн хүйтэн өрсөлдөөн энд явагдана. Иймд МАН болон АН-аас Улаанбаатар хотын тойргуудад нэр дэвшигчдийн мэдээллийг харьцуулж хүргэе. БАЯНЗҮРХ (МАНДАТЫН ТОО 5) МАН: Э.Бат-Амгалан, Н.Баянмөнх, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр Хамгийн олон хүн амтай дүүргийн нэг. Ноднин энд Б.Энхбаяр дэвшиж гараад ХЗДХ-ийн сайд болчихсон явна. Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар ч сонгогдсон. Тэд бүгдээрээ дэвшинэ. Харин энэ жил Баянзүрхийн хоёр тойргийн нэгтгэсэн тул гурван л мандаттай. Өмнө жил дэвшиж, Баянзүрхчүүдийн итгэлийг нэг удаа дааж, танигдсан хүмүүсээс гадна Н.Баянмөнх кандидатаар орж ирж байна. Тэр бол Баянзүрх дүүргийн Засаг дарга. Дүүргийн Засаг даргын ажлыг идэвхтэй бөгөөд шинэлэг арга хэлбэрээр хийж буй хэмээн иргэдэд үнэлэгдэж байгаа. Ямартай ч танигдаад авсан. Харин Э.Бат-Амгалан дөрвөн жил юу хийж, парламентад сууснаа тэмдэглэн үлдээж чадсангүй. Хамгийн сайн танигдсан нь Б.Энхбаяр болно. Багагүй хуулийн төслүүдэд ажилласан, сайдын суудал ч авсан. Харин хэдэр ёдор бөгөөд хаалттай төрхөөр ажлаа явуулдаг нь олон нийтээс сөрөг сэтгэгдэл авсан байж магадгүй. Араас нь Х.Булгантуяа бичигдэнэ, мөн л хоёр ч сайдаар ажиллаж үзлээ. Авчиг анх “Баруунд боловсрол эзэмшсэн эмэгтэй, их юм хийнэ” гэж хүлээсэн хүлээлтийг талаар болгосон гэхэд хилсдэхгүй нь. Ж.Чинбүрэн гишүүний хувьд эрүүл мэнд рүү чиглэсэн цөөн ч болов хуулийн төсөл дээр ажиллаж, эмийн сонсголыг ямар ч байсан зохион байгуулж, монгол хэлний болон газар нутагтай холбоотой хуулийн заалтууд дээр эх оронч зогсож чадсан. АН: Т.Батцогт, Г.Болормаа, М.Тулгат, Ц.Жадамбаа, Г.Ууганцэцэг Энд Х.Баттулгын фракцаас Т.Батцогт, Ц.Элбэгдоржийн фракцаас М.Тулгат гэсэн хоёр тод дүр байна. Т.Батцогтын хувьд өөрөө Нийслэлийн АН-ыг ахалж, сонгуульд орж буй хүн, залуу улстөрч. НИТХ-д байсан туршлагатай, Нийслэлийн асуудлыг цөөнгүй жил хөндөж, ярьж байгаа нь үнэн. Гэхдээ яг хийсэн ажил, танигдсан танигдалт бага. Ялангуяа улс төр хийж чадах эсэх эргэлзээтэй. Сүүлд сахлаа айхавтар ургуулж гарч ирсэн нь энэ тал дээр итгэл төрүүлээгүй. Харин М.Тулгат либерализм, чөлөөт эдийн засгийн онол ярьдаг ч өөрөө түүнийгээ ойлгодоггүй гэмээр зүүний үзэлтэй хүн. Уг нь онол ярина гэдэг улстөрчдад баймаар авууштай зүйл. Японд төгсөж ирээд, амжилттай бизнес хийж, улмаар улс төр хийхээр учраа олохгүй яваа М.Тулгат АН-ын хагарч бутарсан хүнд үеэр дарга нь болох гэж ч үзэж байв. Гэхдээ түүнд эр хүн шиг чанар дутдаг. АН-ын бусад кандидатууд МАН-ыг давж гарахааргүй ч боловсрол, туршлагаа таниулаад явбал юмыг яаж мэдэх вэ. Шанс гэвэл Т.Батцогт, М.Тулгат л байж болох юм, тэд парламентад суувал гэхдээ сөрөг хүчний хувиар “Цор цор” гэж суухаас мөн хэтрэх хэмжээний потенциалтай эсэхэд эргэлзэж байна. БАЯНГОЛ (МАНДАТЫН ТОО 3) МАН: Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Ө.Сумъяабаатар Х.Ганхуягт мандат өгөх эсэх нь эргэлзээ дагуулсаар энд хүрлээ. Гэвч өгчээ. Имиж сайн, үг хэл цэгцтэй, явдал төрх нэг ч гэлээ бие даасан үзэл санаа үнэртдэггүй гэхэд болно. Гэхдээ анхны парламент гэхэд өнгөрсөн дөрвөн жилд өөрийгөө сайтар таниулж чадсан цөөн улстөрчийн нэг. Монгол хэлний асуудалд баримталсан байр суурь нь түүнийг барууны гар хөл болж, улсаа хорлох хүмүүсийн нэг биш үү гэж эргэлзэхэд хүргэсэн. Ард түмний итгэлийг дахин олж чадах бол, өөрийгөө одоо дараагийн түвшинд батлан харуулах, жижиг сажиг лобби бүлгийн хэмжээний ажилд уруу царайлж, уйлан дуугарч явахыг болих хэрэгтэй. Ж.Ганбаатарын хувьд Баянгол дүүргийг амлаж аваад удаж байгаа. Одоо УУХҮ-ийн сайдаар ажиллаж байна. Хувийн бизнестээ ширүүн дориун ааштай гэдэг ч ажилд махруун хүн байж мэднэ. Аливаад зарчмын дагуу ханддаг. Гэхдээ улстөрч хүний хувиар, гараас нь юм гарч байна уу гэдэг анхаарал татдаг. УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, асуулт асуух нь олонтой ч, аминч төрхөөр, аргалж явсаар дөрвөн жилийн өнгөрөөчхөв үү гэсэн бодол байна. АН: С.Эрдэнэ, Ц.Алтанцэцэг, Б.Баттулга Энэ тойрогт АН-аас ганц тод кандидат С.Эрдэнэ. Төдийлөн танигдаж чадаагүй хоёр улстөрч, залуу нэр дэвшигчээ С.Эрдэнийн хамт, гурван мандаттай тойрогт тавьж буйгаас л АН хэр зэрэг төлөвшсөнийг харж болно. Ц.Алтанцэцэг, Б.Баттулга нарыг үнэндээ таних хүн бага. Тэгэхээр АН бол ийш С.Эрдэнийг л илгээжээ. Сүхбаатар, Чингэлтэй (Мандатын тоо 6) МАН: О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Г.Дашням, М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар Энд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нэр дэвшиж байна. Энэ жил МАН Засаг дарга нарт тодорхой боломжууд олгожээ. Н.Батсүмбэрэлийн хувьд аж ахуйн хийгээд улс төрийн ажлыг зэрэгцүүлэх бололцоотой, өсөх ирээдүй бүхий залуу улстөрч гэдгээ энэ албан тушаалд батлан харуулсан. Чингэлтэйчүүдэд нэгэнт танигдсан кандидат. Түүний араас М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар хууччуулаас орж иржээ. М.Оюунчимэг ч дээ. Сургууль, цэцэрлэг бол дөрвөн жилд барьчхаж, бариулчхаж дөнгөнө өө. Д.Цогтбаатарын хувьд арай мэргэжлийн боловсон хүчин. Түүний туршлага парламентад хэрэгтэй. Түүнд мөн бохир намтар бага. Ингээд МАН-аас О.Батнайрамдалд мандат олгожээ. Мөн "JET" скүүтэрийг оруулж ирсэн, Г.Дашняыг энэ тойрогт илгээсэн байх юм. О.Батнайрамдал бол хэн гэдгээ олон янзаар таниулчихсан. Боловсролын намтраар ч, нэг л арга эвээ олохгүй байна гэмээр улс төрийн акцуудаараа ч. Одоо ард түмэн сонгох эсэхийг л харах үлдсэн. Г.Дашням гэж залуугаас илүү олон нийт Н.Учралыг сайн танина. ЦХХХ-ы сайдаар ажиллаж буй Н.Учрал парламентын зарим хугацаад эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байсан ч, эдгэрч тэнхэрч ирээд ажлыг нугалсан улстөрч. Хэд хэдэн бодлогын асуудалд орж, ажилласан. Улстөрчийг барьер ч сайн сууж байгаа. АН: Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Х.Болормаа, Д.Бадарсан, Ц.Баатархүү, О.Баасанхүү Идэвхтэй хүмүүс энд нэр дэвших нь. Бас фракцыг хольжээ. И.Мөнхжаргал АН-ын дотоод сонгуулийн байгууллагыг Х.Баттулга талаас даргалж, түүнийг намын даргаар батламжлах гэж улайрч байв. Тэр үед түүнээс гарц гаргалгаатай, сийрэг хүн харагдаад өнгөрсөн. Харин хууль тогтоогч болоод хэрхэх нь эргэлзээтэй. Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү нарын хуульчид байна. Парламентад хуульчид орж ирэх тусмаа сайн. Гэхдээ тэднийг фракц төлөөлж, акц хийх маягаар л ажиллах болов уу гэсэн болгоомжлол бий. Ц.Баатархүүгийн хувьд ч улс төрийн элдэв алхам хийхдээ дээрх хэдээс арай нухацтай нэгэн ч өнгөрсөн хугацаанд өөрийгөө хангалттай илэрхийлж ирсэнгүй. Ерөнхийдөө АН-ын гол фракцуудын төлөөлөл, "Цагаан хоолой" маягийн хүмүүс энд бөөндөө бөөгнөрчихжээ. Сонгинохайрхан (Мандатын тоо 5) МАН: Н.Алтаншагай, Э.Батшугар, Ч.Номин, П.Сайнзориг, Н.Хүрэлбаатар Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүрэгтээ нэр дэвшинэ. Ер нь Засаг даргаар нь ажиллаж байсан хүн тухайн дүүрэгтээ нэр дэвшинэ гэдэг, жинхэнэ утгаар хийснээ үнэлүүлэх, дүнгээ тавиулах явдал. Тэр тухайд тулгамдсан асуудал олонтой Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчдын өмнө Н.Алтаншагай нүүр бардам буй. Харин шинэ дүрүүд бол Соёлын сайд Ч.Номин ба НЗД-ын орлогч П.Сайнзориг. Хоёулаа ажил хийж чадна. Сайн ч хийнэ, тууштай ч хийнэ. Бас дэмий улстөржихгүй, попорч худал амлалт өгөхгүй, залуу хүмүүсийн янзаар шинэ маягийн улстөрчдийн дүрийг үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй. П.Сайнзориг жаахан хувь хүний барьер алдаад байж магадгүй. Бусдаар мөн хөдөлмөрч, боловсролтой, өөрийн тээсэн үзэл санаатай хүн мөн. Ч.Номингийн хувьд эсрэг чиглэсэн хүчтэй пиарыг давж, туулж Соёлын сайдаар ажиллахдаа хоёр ч хууль батлуулж, хэд хэдэн системийн шинжтэй өөрчлөлтийн суурийг тавьснаараа түүхэнд нэрээ бичүүлчихсэн. Н.Энхбаярын хүү Батшугар, АШУҮИС-ийн захирал асан Н.Хүрэлбаатар нар харин олон түмэнд төдийлөн үнэлэгдэж чадав уу. Э.Батшугар яг хуулийн төсөл хэлэлцэх үеэр товхийтэл оноод, онилоод хэлчихдэг, мэдлэг боловсролтой нь бас илт юм билээ. Н.Хүрэлбаатар бол өмнө нь улстөрийн карьер хийж ч явсан, АШУҮИС дээрх намтар нь ч эрээн бараан хүн. Тэдэнд итгэл үзүүлэх эсэхийг ард түмэн л шийдэх нь. АН: Н.Алтанхуяг, Ж.Отгонбаяр, Н.Амаржин, Ц.Уянга, П.Галиндэв Норовын Алтанхуяг "Намайг хаана оч гэнэ, би тэнд дэвшинэ" гэж хэлсэн. Түүнийг Сонгинохайрханд дэвш гэжээ. Тэр Нийслэлд дэвших тусмаа хэрэгтэй хүн. Он цаг хугацааны хэрчлээсэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр хүнд, имиж тэс өөр тавцан дээр зогсож байна. Нөгөө хэд нь даанч "Нэг намын дарангуйлал" гэж гэнэхнээр орилдог залуусаас ялгаа мөр үгүй, тийм байдлаар улс төр хийх гэж оролддог хүмүүс байна. Ж.Отгонбаяр хэвлэл мэдээллийн байгууллага тэргүүлсэн туршлагатай, яг үзэл баримтлал нь юу юм гэвэл зүүн, барууны хооронд савлаж мэднэ. Н.Амаржинг ер юу бодож, нэр дэвшиж байгааг одоо ч сайн ойлгохгүй. Хүмүүс ч түүнийг хэн гэдгийг ойлгохоо байв. Гэхдээ тэр сайн стратегич байж мэднэ. Ц.Уянга гэж "Элийрэгч" жиргээч болбоос баруунаас санхүүждэг байж болзошгүй хүмүүсийн нэгээр удаан хугацаанд нэрлэгдэж яваа. Цэвэр Ц.Элбэгдоржийн хүн. Тэр айхтар гаргалгаатай, толгой нь супер ажилладаг эмэгтэй ч Монголын төлөө байх уу гэдэш эргэлзээтэй. Хан-Уул (Мандатын тоо 3) МАН: Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Л.Ниннжамц. Мөн Засаг дарга Ж.Алдаржавхлан дэвшжээ. МАН-аас бэлтгэсэн нөгөө хоёр кандидат нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан. Мөн МҮОНРТ-ийн захирал асан Л.Нинжжамц. Тодорхой хэмжээнд танигдсан хүмүүс мөн. Т.Мөнхсайханы хувьд ид цар тахлын үеэр ч сайдаар ажиллаж таарсан, амаргүй байсан. Гэхдээ богино хугацаанд улстөрийг ойлгож, дадлага туршлага сууж амжсан байх. Тэр хугацааны туршлагаар энхийн цагт боломжийн хэрээр ажиллачих бололцоотой. Л.Нинжжамц сайн, саарын аль алиныг сонсгодог ч хууль тогтоох байгууллагад ороод яг юу хийх нь анхаарал татаад байна. АН: Э.Тамир, Ч.Лодойсамбуу, Б.Ариунболд Эндээс ард түмэн Ч.Лодойсамбууг сайн танина. Маш сайн таньж ч магадгүй. Буурь суурьтай сэтгэж, аливаад цэгцтэй төвлөрч чадвал болдгийг харуулсан хүн л дээ, тэр. Угтаа сэтгүүлч ч биш юм, сэтгүүл зүйн тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Түүнийг ток шоуны хөтлөгч, улс төрийн нэвтрүүлгийг агуулга базагч гэж тодорхойлбол илүү зохилтой. Тэр сэтгүүл зүйг төлөөлөхгүй. Харин потенциалтай хүн мөн. Гэхдээ "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн муу" гэдэг байдлаар аргумент дэвшүүлэх нь түүнийг УИХ, Засгийн газраа ялгадаггүй Z үеийн зарим залуусаас ялгаагүй харагдуулдаг. Тунг хэтрүүлчих гэдэг зантай хүн, түүгээрээ санаа зорилгоо ч илчилчихдэг. Хэрэв ард түмэн түүнд итгэл хүлээлгэвэл хэвлэл мэдээллийн салбарын буян гэж ойлговол зохилтой. Тэгээд дахиад, бүр дахиад өөр дээрээ ажиллах ёстой. Нөгөө хоёр нэр дэвшигч нь тун бүдэгхэн юм байна. АН Ч.Лодойсамбууд гайгүй итгэж, ийш явуулсан бололтой. Багануур, Багахангай, Налайх (Мандатын тоо 2) МАН: С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир Бараг кандидат хамгийн амархан тодорч, бараг л нэр дэвшээд ялчихсан мэтээр санаа амарсан нь МАН-аас С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар биз. Гэхдээ МАН Багануур, Багахангай, Налайх гэж ирээдүйд бие даасан хотын статусаар хөгжих ёстой, стратегийн чухал бүсэд ийм бэлэглэлийн журмаар хандаж болохгүй юм. Илүү шинэ нүд, шинэ хараа хүлээж байсан. С.Амарсайхан Шадар сайдаар ч ажиллалаа. Тэр дөрвөн жилд ер үнэлэгдсэнгүй. Харин буруу, зөрүү асуудлуудад илүүтэй нэр холбогдсон. Түүнд албан тушаал, амбиц хоёр л байдаг. Үүнээс цааш газар үгүй гэгчээр, түүнээс улстөрч хүний эрмэлзэл, үнэт зүйл, хийсэн бүтээсэн зүйл, нэг хуулийн төсөл зарчмын байр суурь хамгаалж дуугарсан үг олж сонсохгүй. Ц.Сандаг-Очир ч өнөөг хэр өөрийн легасиг үлдээж чадахгүй яваа, тойрог услах маягаар ажиллачхаад л дөрвөн жил байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахуу л явсан улстөрч. АН: Д.Алтанхуяг, Г.Цамбагарав Д.Алтанхуяг нь тайзан дээр зодоон цохион хийгээд л байсан Х.Баттулгын хүн гэдэг. Өөрөөр олон нийтэд танигдсан зүйл бага. Намтар яривал тэр багагүй хугацаанд АН-тай хамт яваа хүн мөний хувьд мөн. Гээд ард түмэн итгэл хүлээлгэх эсэх л асуудалд тулж очно. Харин Г.Цамбагаравын хувьд зураг нь ч олддоггүй шахуу хүн аж.