ХИЛ ХААЛТТАЙГААС БОЛЖ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХОМСТОЛ ҮҮССЭН ҮЕД ҮНЭ НЭМЭГДҮҮЛЭН ХУДАЛДААЛСАН БОЛОН БОРЛУУЛСАН ГАЗРУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Хятад улсын Эрээн хотод ковид19 халдварын тохиолдол бүртгэгдэж тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад байгаа. Уг шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар манай улсад эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэж эхэлсэн. Тодруулбал : Нийслэлийн засаг даргаас өгсөн үүргийн дагуу НМХГ-ын дэд даргын 2021,10,28-ны өдөр баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-04/350 дугаар удирдамжийн хүрээнд эмийн сангуудад хийгдсэн шалгалтын мэдээлэл гарлаа.



Үүнд :  Эмийн санд худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, хүртээмж болон үнийн талаарх судалгааг гаргах,чанар аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх , мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Сүхбаатар дүүрэгт байрлах 20, Баянгол дүүрэгт байрлах 12, Сонгино хайрхан дүүрэгт байрлах 15, Чингэлтэй дүүрэгт байрлах 27, Хан-Уул дүүрэгт байрлах 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 нийт 92 эмийн санд шалгалт хийхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний /бактерийн эсрэг, мөөгөнцрийн г.м/ эм эмнэлгийн хэрэгсэл /тариурууд/-үүд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч нийтдээ 40 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэлд хомстол үүсжээ.



Ийнхүү хомстол үүсэхдээ зэрэгцэн вирусийн холбогдолтой эмүүдийг дур мэдэн нэмэгдүүлсэн үнээр борлуулж байсан газруудад ч хариуцлага тооцож эхэллээ. Шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас авсан эмийн үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнэ дээр 10-30 хувьтай байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоосон байна.



Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн дээд хязгаар тогтоосон бөгөөд эдгээр хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их цахиур ХХК-ууд нэрлэгдлээ. Шалгалтын явцад нийт 86 зөрчил илрүүлж 36 зөрчлийг газар дээр нь арилгаж албан шаардлага, хугацаатай үүрэг өгчээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.