25 April 2020
10 mins read
159k Views
Аливаа хэлбэрээр хүүхдийн эрхийг зөрчиж х үүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Дээрх хуулийн заалт бол Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа «Хүүхдийн эрхийг хамгаалах» тухай хуулийн заалт юм. Бид бүхэн хүүхдийн эрхийг маш олон талаас ярьж байдаг хэдий ч гэр бүлийн хүрээнд хүүхдийнхээ хажууд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх нь эргээд хууль зөрчсөн үйлдэл гэдгийг төдийлөн мэдэхгүй. Хүүхэд бүр ээж аавынхаа анхаарал халамжинд эрүүл аюулгүй орчин нөхцөлд гэмт хэргээс хамгаалагдаж байх ёстой. Харин бид бүхэн аливаа хуулийн этгээд цагдаагийн байгууллага Засгийн газрын шийдвэрийг хүүхдийн эрх зөрчсөн хэмээдэг ч үнэн хэрэг дээрээ баярын өдрүүдээр гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нэрэн дор хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа гэсэн үг юм. Бид өдөр тутамдаа болон баяр ёслолоор хүүхдийн эрхийг гэр бүлийн хүрээнд зөрчсөөр байна. Эцэг эх асран хамгаалагч нар болон хүүхдийн ойр дотныхон нь тэдний дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр тэдний эрхийг зөрчиж байгаа гэдгээ огт мэддэггүй. Цаашлаад хүүхдийн хажууд маргалдаж, зодолдох зэрэг хүчирхийллийн хэлбэрийн үйлдлүүд гаргаж байгаа нь тэдэнд үлгэр дуриалал болохоос гадна сэтгэл зүйд нөлөөлж, аюулгүй тайван орчинд өсөх ёстой анхдагч эрхийг зөрчиж байгаа хэрэг. Мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүн хүүхдүүдээ хараах, зодож гэмтээх, үйл хайхрах хүчирхийлэлд дунд байлгах, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг байж боломгүй үйлдэл гаргадаг. - ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ХАМГИЙН ИХЭЭР ЗӨРЧИГДӨЖ БАЙНА - Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /1996 он/-ийг шинэчлэн найруулж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болгон өөрчлөн баталж, 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийн есдүгээр зүйлд «Хүүхдийн хүмүүжил, төлөвшил"-ийн, аравдугаар зүйлд «Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага"-ын талаар тусгаснаас 10.2-д «Хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх», 10.3-д «Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах», 10.9-д «Хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх» зэрэг 11 заалт бүхий зохицуулалтыг тусгасан байна. Мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт «Хүүхдийн эсрэг гэмт хэрэг"-ийг, эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэх хариуцлагын талаар16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д хуульчлан заасан. Түүнчлэн хүүхдийн эрхийн тухай хуулийн 11-18 дугаар зүйлд хүүхдийн эрхийг хангахад төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоог хуульчилсан байна. Тухайлбал: 18 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо 18.1.Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1.хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх; 18.1.2.хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих; 18.1.3.иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах; 18.1.4.хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах; 18.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих; 18.1.6.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох Гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр зөрчигдөж байгаа асуудал бол гэр, орон сууцандаа хүүхдийн дэргэд архидан согтуурах асуудал. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд «Хүүхдийн эрхийг зөрчих"зүйл ангийг хуульчилсан. Тухайлбал: 1.Хүүхдийн эрхийг зөрчиж: 1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан; 1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн; 1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Хүүхдийг: 3.1.өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан; 3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 7.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8.Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та хүүхдээ болон өөрийгөө гэмт хэрэгт холбогдуулан, гэмт хэргийн золиос болгохгүй байхын тулд өөрийн гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхдийг архи согтууруулан ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүний хажууд байлгахгүй байх, эцэг эх та бүхэн өөрийн гэртээ хүүхдийнхээ хажууд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
1 Сэтгэгдэл