БУМХИШИГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ГАДААД ХЭРГИЙН ЯАМНААС ТАЙЛБАР ӨГЛӨӨ

Монгол Улсын иргэн Б 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНКирУ-ын Ош мужийн нутаг дэвсгэр Памира уулын Лениний оргилд гарах гэж яваад хоёр хөлөө гэмтээсний улмаас 5800 метрийн өндөрт гацсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНКирУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан хүлээн авсан даруйд ар гэрийг нь тогтоон, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна.

БНКирУ-д суугаа манай ЭСЯ-наас Киргиз Улсын ГХЯ, Онцгой байдлын яам, Онцгой байдлын удирдлагын төвтэй шуурхай хамтран ажиллахын зэрэгцээ иргэн Б-тэй тогтмол холбогдож байна. Иргэний сэтгэл зүй, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар 5800 метрийн өндөрт майханд 3 хоногийн хоол ундны нөөц, хийн зуухтай байрлаж байгаагаа мэдээлсэн байна. Цаг агаарын хувьд шөнөдөө -9, өдөртөө 10 градусын хооронд тогтуун байдалтай байна.

Иргэнийг авчрахаар Монголоос явсан 2 уулчин киргизийн 4 уулчны хамт өнөөдөр өглөө /09.09/ авиралтаа эхлүүлж, урьдчилсан тооцоогоор маргааш өглөө гэмтсэн уулчны байгаа газарт очих, 2-3 хоногийн дараа бууж ирэх юм.

Эдгээр уулчид 3000 метрээс доош бууж ирсэн даруйд Ош хотын онцгой байдлын албан хаагчид тосон авахаар бэлтгэж байгаа болно.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.