Б.Цогтбаатар нарын 26 хүнд холбогдох шүүх хурал 9 дэх удаа хойшлолоо

2020 оны сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайдад нэр дэвшээд АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Авлига, албан тушаалын хэргийн яллагдагч учраас Эрүүл мэндийн сайдад томилоход харшилна гэсэн бичиг хүргүүлснээр төрийн сайд болж чадаагүй тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө НҮБ-ын Хүүхдийн санд албан тушаал хашиж буй Бямбаагийн Цогтбаатар, тус газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 26-нд жич товлохоор хойшлуулсан. Түүнээс хойш хурлын тов гараагүй л байна.  



Шүүх хурлын танхимын багтаамж, халдвар хамгааллын дэглэм, өмгөөлөгч нарын элдэв шалтаг, прокурор “Ковид-19”-ийн сэжигтэй тохиолдол болсон зэрэгт үндэслэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихаад байгаа билээ.

Уг нь энэ шүүх хурлыг нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн ногоон танхимд хийхээр хэд хэдэн удаа товлосон бөгөөд бүтэн жил гаруйн хугацаа өнгөрөхөд 9 дэх удаагаа хойшлуулаад байна.


Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.